УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ.
Төслийн танилцуулгыг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хийлээ. Тэрбээр "Хүн төрөлтхөний өмнө тулгарч буй хүнд зүйлийг бид даван туулж байна. Цар тахлын хүндрэл нь дэлхий даяар эрүүл мэнд, эдийн засаг, боловсрол, соёл, гадаад харилцаанд хүчтэй нөлөөлж, амьдралын хэмнэлийг танигдахгүй өөрчилж байна. Энэ бэрхшээл Монгол Улсыг ч тойрсонгүй. Монголчууд бид цар тахлын халдварын ноцтой эрсдэлд орж, экспортын бараа бүтээгдэхүүн тасалдаж, ачаа тээврийн эргэлт 5-9 дахин удааширч, эдийн засаг -5.3 хувь агшиж, төсвийн алдагдал ДНБ-ий 12 хувийг эзэлж, 250 мянган ажлын байр эрсдэлд орсон нь 1992 оны нийгмийн шилжилтийн үетэй тоон утгаараа дүйцэж очих хүндхэн сорилт байлаа.
Цар тахлын хүндрэлийг хохирол багатай даван туулах цорын ганц гарц бол бүх нийтийг хамарсан вакцинжуулалтыг цаг алдалгүй зохион байгуулах байлаа. Өнөөдрийн байдлаар дэлхийн хүн амын 35.8 хувь нь вакцинд хамрагдаад байна. Харин манай улс энэ оны хоёрдугаар сарын 23-ны өдрөөс бүх нийтийн вакцинжуулалтын ажлыг эхлүүлж, өнөөдрийн байдлаар нийт хүн амын 65.6 хувийг бүрэн тунд, 350 мянга гаруй хүнийг дархлаа сэргээх нэмэлт гуравдугаар тунд хамруулж, 2.6 сая орчим вакцины нөөцийг бүрдүүлээд байна. Эрүүл мэндийн байгууллага, эрдэмтэн судлаачдын тооцооллоор өнөөдрийн түвшинд зохион байгуулж чадаагүй бол 46 мянга гаруй иргэний амь нас бодитоор эрсдэлд орох аюулд байлаа" хэмээлээ.
Хуралдаан үргэлжилж байна.