Нөхөн сонгуулийн саналын хуудсыг хэвлүүлэх, санал тоолох төхөөрөмжийг шалган турших, баталгаажуулах ажлыг Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төв, Тагнуулын ерөнхий газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын хамтарсан Ажлын хэсэг зохион байгуулсан.
Уг ажилд нөхөн сонгуульд оролцож буй нам, эвсэл, нэр дэвшигчдийн томилсон ажиглагчид нээлттэй оролцсон байна. Сонгуулийн үйл ажиллагаанд ашиглах автоматжуулсан системийн ажиллагаа, сүлжээний найдвартай байдлыг шалган турших зорилгоор өгөгдөл дамжуулах туршилтыг хэд хэдэн удаа явуулж, нам, эвсэл, нэр дэвшигчийн ажиглагчаас гадна хэвлэл мэдээллийн байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг оролцуулан олон нийтэд нээлттэй зохион байгуулжээ.
Нөхөн сонгуулийн санал хураалтын дүн, сонгуулийн ирцийн мэдээг аравдугаар сарын 10-ны өдөр олон нийтэд шууд дамжуулан үзүүлэхээр бэлтгэлийг хангасан байна. Саналыг хуудсыг 100 хувь гараар тоолж, хяналтын тооллого хийх бөгөөд сонгуулийн санал авах үйл явцад хөндлөнгийн ажиглалт хийж, хяналт тавихаар нам, эвсэл, нэр дэвшигчдийн нийт 1,271 ажиглагч ажиглахаар бүртгүүлсэн байна.
УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойргийн сонгогч таныг халдвар, хамгааллын дэглэмээ баримтлан сонгуульдаа идэвхтэй оролцож, саналаа өгөхийг уриалж байна.