"No double standard" хөдөлгөөнийг зохион байгуулсан Д.Монголхүү, Э.Одбаяр нарыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс баривчилчилж, Э.Одбаярыг 30 хоног хорих шийдвэр гаргасан бол Д.Монголхүүг өчигдөр шүүхийн шийдвэрээр сулласан. Эдгээр иргэдийг ямар шалтгаанаар саатуулсан талаар ЦЕГ-ын дарга, дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд "Иргэн Э.Одбаяр болон бусад нэр бүхий иргэд төрийн онцгой обьект буюу цагдан хорих 461-р анги руу халдан Д.Монголхүүг авч явсан. Тэдний энэ үйлдэл хэрээс хэтэрсэн" гэсэн юм.
Тэгвэл цагдан хорих байрнаас хүн авч гарсан гэх мэдээллийн дагуу ШШГЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах төвийн дарга, хошууч Х.Баясгалангаас тодруулахад "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 461 дүгээр ангийн цагдан хорих байрнаас хүн авч гарсан гэх мэдээлэл нь ташаа мэдээлэл бөгөөд тус ангийн шалган нэвтрүүлэх байрны иргэд хүлээж авах хэсэгт иргэд, өмгөөлөгч, Цагдаагийн байгууллагын алба хаагчдын хооронд маргаантай асуудал үүссэн. Үүнтэй холбоотойгоор мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ.
Мөн шүүхийн шийдвэрээр 30 хоног хоригдохоор болоод буй Э.Одбаярыг хорих ангид өлсгөлөн зарласан гэх мэдээлэл цацагдаад байна. Энэ талаар тодруулахад "Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан Э.Одбаяр өлсгөлөн зарлаагүй байгаа. Уг мэдээлэл нь ташаа мэдээлэл байна" хэмээлээ.