Нийгмийн даатгалын ерөнхий газрын Бодлогын хэрэгжилт, судалгааны газрын мэргэжилтэн П.Эрдэнэтэй “Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль”-ийн хэрэгжилтийн талаар ярилцлаа.
-Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өгөхгүй юу?
-УИХ-ын чуулганаар 2017 онд баталсан Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль 2020-2021 онд хэрэгжиж байна. Энэ хууль нь нийгмийн шилжилтийн явцад хөдөлмөр эрхлэлтийн статус нь өөрчлөгдөж, эрхэлж байгаа ажил, үйлчилгээний онцлогоос хамааран тэтгэврийн даатгалын шимтгэлээ төлж чадаагүй малчнаар болон хувиараа хөдөлмөр эрхэлж байсан, өндөр насны тэтгэвэр тогтоолгоогүй иргэдэд тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломжийг олгосон хууль юм.
-Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч хэчнээн иргэн тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөөд байна вэ?
-Нийгмийн даатгалын ерөнхий газар нь Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг 2020 оны 1 дүгээр сараас эхлэн аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээрээ дамжуулан зохион байгуулан ажиллаж байна. 2021 оны 09 дүгээр сарын байдлаар энэ хуулийн үйлчлэлд 19.1 мянган малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн хамрагдаж тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлж, баталгаажилтын хуудсаа аваад байна.
-Тэгэхээр малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч гэдгийг хэрхэн нотлох вэ?
-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд малчин болон хувиараа хөдөлмөр эрхлэгчийг тодорхойлсон байдаг. Тухайлбал, малчин гэж жилийн дөрвөн улирлын турш мал малладаг, түүнийхээ ашиг шимээр амьжиргаагаа залгуулдаг иргэнийг, харин хувиараа хөдөлмөр эрхлэгч гэж дангаараа болон бусадтай хамтран бизнес эрхэлдэг, татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлсэн, татвар төлөгч иргэнийг хэлнэ гэж заасан. Малчдын хувьд малын тооллогын бүртгэл буюу А дансаараа нотолно. Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг татвар төлсөн байдлаар нь тодорхойлох юм.
-Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн хувьд нэлээд лавлагаа мэдээлэл шаардлагатай юм байна. Энэ асуудлыг хэрхэн шийдэж байна вэ?
-Хуулийн дагуу иргэнийг малчнаар ажилласан болон хувиараа хөдөлмөр эрхэлсэн хугацааг тодорхойлоход Нийгмийн даатгалын байгууллага нь тухайн иргэний өмнөөс холбогдох лавлагаа мэдээллийг ТЕГ, ЦЕГ, ШШГЕГ, БШУЯ, ХХҮГ-тай солилцон хамтран ажиллаж байна. Тухайлбал, Татварын ерөнхий газартай гэрээ байгуулан татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн сангаас хувь хүний орлогын албан татварын үндсэн ангилалд хамаарах 12 төрлийн татвар төлөлтийн мэдээллийг цахимаар солилцож байна. Ингэснээр тухайн иргэн хувь хүний орлогын албан татвар төлсөн мэдээллээ Нийгмийн даатгалын хэлтэст очиж шүүлгүүлснээр уг хуульд хамрагдах эрх үүссэн эсэхээ шалгуулах боломжтой юм.
-Малчдын хувьд амьдралын хэв маягаас шалтгаалан зарим баримт бичиг нь олдохгүй тохиолдол гарч болох юм. Энэ тохиолдолд яах вэ. Малчид тэтгэврийн даатгалаа нөхөн төлөхөд юу бэлтгэх шаардлагатай вэ?
-Малчдын хувьд, мал маллаж байсан гэдгийг нотлох үндсэн баримт нь Үндэсний статистикийн хорооноос бүртгэсэн ‘’Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн тооллого’’-ын бүртгэл буюу бидний хэлж заншсанаар малын ‘’А’’ данс юм. Гэтэл малчдын малын ‘’А’’ данс аймаг, сумын архивт байхгүй тохиолдол олон гарч байна. Энэхүү шалтгааны улмаас 2018 онд ХНХ-ын сайдын тушаалаар иргэний малчнаар ажилласан хугацааг тодорхойлох ‘’Орон тооны бус зөвлөл’’-ийг сум бүрт байгуулсан. Энэ зөвлөл нь малын ‘’А’’ данс нь олдохгүй байгаа иргэдийн өргөдлийг хүлээн авч холбогдох баримт бичгүүд тухайлбал, малчны үнэмлэх, бэлчээр ашигласны төлбөр, малын хөлийн татвар төлсөн зэрэгт тулгуурлан 1995 оноос хойших хугацаанд тухайн иргэний мал маллаж байсныг тогтоох юм. Иймд малын ‘’А’’ дансны лавлагаа нь архиваас олдохгүй, бичиг баримт нь байхгүй малчид сумынхаа энэхүү зөвлөлд хандахыг зөвлөж байна.
-Иргэн сард хэдэн төгрөгийн шимтгэл төлөх вэ?
-Энэхүү хуулиар 15-60 насны малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид маань 1995-2019 оны тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломжтой. Сард нөхөн төлөх шимтгэлийн хувь хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 000 төгрөгийн 10 хувь буюу 42 000 төгрөг байхаар тогтоосон. Өөрөөр хэлбэл иргэн 1 жилийн тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн төлөх бол 504 000 төгрөг төлнө гэж ойлгоно.
-Ер нь тэтгэврийн даатгалын шимтгэлээ төлснөөр иргэдэд ямар ач холбогдолтой вэ, ямар боломж бүрдэх вэ?
-Уг хуульд хамрагдаж тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн төлснөөр иргэн өндөр насны, тахир дутуугийн, тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон авах боломжтой болно. Тодруулбал, өндөр насны тэтгэврийн хувьд малчин нь нийтдээ 20 жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, үүнээс 15 жил малчнаар ажилласан эрэгтэй 55 нас хүрсэн, нийтдээ 20 жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, үүнээс 12.6 жил малчнаар ажилласан эмэгтэй 50 насандаа өөрөө хүсвэл малчнаар өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах боломжтой. 2021 оны 8 дугаар сарын байдлаар 20.6 мянган малчин дээрх нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгоод байна.
-Тэгвэл энэ хуулиар тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлсөн иргэдээс хэдэн хүн тэтгэвэр тогтоолгон авч байна вэ, нэг иргэн дунджаар хэдэн төгрөг нөхөн төлж байгаа бол?
-Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн дагуу хүсэлтээ өгч шимтгэлээ нөхөн төлсөн нийт 11.4 мянган иргэн нийгмийн даатгалын сангаас дээрх 3 төрлийн тэтгэвэр тогтоолгон авч байна. Харин тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх хүсэлт гаргасан иргэдийн хэрэгцээ шаардлагаас шалтгаалан янз бүрийн хугацаагаар шимтгэлээ нөхөн төлж байна, нэг иргэн дунджаар 47 сарын тэтгэврийн даатгалын шимтгэлд 1 974.0 мянган төгрөг төлсөн байна.
-Хуулийн хугацаа энэ оноор дуусгавар болно гэж ойлголоо, тэгэхээр малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд юуг анхааруулж зөвлөх вэ?
-Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн үйлчлэл 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болно. Өөрөөр хэлбэл 3 сар үлдсэн байна. Иймд малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд хуулийн хүчинтэй хугацаанд амжиж тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх асуудлаар сум, дүүргийн нийгмийн даатгалын байгууллагаас зөвлөгөө мэдээлэл авч, нөхөн төлж болох хугацаагаа тодруулан, шимтгэлээ төлөх, нөхөн төлсөн хугацаагаа баталгаажуулах боломж байгааг зөвлөж байна.