Дөрөвдүгээр сарын 01-нээс эхлэн Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг болж нэмэгдэж буй.Үүнтэй холбогдуулан 2024 онд багтаж ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлтээ НД-ын байгууллагад гаргасан иргэдийн тэтгэмжийг нэгдүгээр сард багтаан олгож дуусах үүргийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд гаргасан билээ.
Тэгвэл энэ тухай бид НДЕГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, Бодлогын хэрэгжилт, төлөвлөлтийн газрын дарга Ц.Ганцэцэгээс тодруулахад "Өнгөрсөн онд бид 10, 11 сард авах тэтгэмжийг бүрэн олгоод, 12 дугаар сарын тэтгэмжийг төсвийн нөхцөл байдалтай холбоотойгоор он дамжих зайлшгүй шаардлага үүссэн. Нийт дүнгээрээ 30.8 мянган даатгуулагчид тэтгэмжийг нь олгоод байна. Он гарснаас хойш эхний сарын байдлаар 2024 оны тэтгэмжээ аваагүй 3700 даатгуулагч байна. Энэ нь нийслэлийн Багахангай дүүргээс бусад найман дүүргийн статистик юм.
Дээрх 3700 хүнээс 1900 хүний тэтгэмжийг нь өнгөрсөн долоо хоногт олголоо. Нийт 2.7 тэрбум төгрөгийн тэтгэмж олгосон байна. Үлдсэн хүмүүсийн тэтгэмжийг орлого орох бүрд дүүргүүддээ хуваарилж аль болох түргэн шуурхай олгохоор ажиллаж байна. Өнгөрсөн оны нийт 11 сарын тоон мэдээллийг харахад 30.8 мянган даатгуулагчид 137 тэрбум төгрөгийг ажилгүйдлийн тэтгэмжид олгосон байна. 2024 онд цалин хөлсний өсөлттэй холбоотойгоор, мөн шимтгэлээ тогтмол төлж байгаа даатгуулагчдад НДШ-ийн хэмжээг хамгийн өндөр хувиар буюу 9 сарын дундаж цалингийн 70 хувиар бодож олгож байгаа. Эдгээр даатгуулагчдын тоо нэмэгдэхийн хэрээр тэтгэмжийн хэмжээ дагаад өссөн. Дунджаар нэг даатгуулагч 4 сая орчим төгрөгийн тэтгэмж авч байна гэсэн үг. Уг тэтгэмжийг хуулиар тогтоосны дагуу 3 хувааж олгож байгаа" гэв.
Сануулахад, тухайн даатгуулагч 24 сар ажилгүйдлийн даатгалын шимтгэл төлсөн. Үүнээс ажилгүй болохын өмнөх 9 сард тасралтгүй төлсөн бол ажилгүйдлийн тэтгэмжийн эрх үүснэ. Тухайн нөхцөлийг хангасан даатгуулагч ажлын 76 өдрийн тэтгэмж авах эрхтэй аж.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!