Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: ЗАРИМ эрхээ хасуулсан ч СУРАХ эрхээ хасуулаагүй сурагчид

Ангилал
Нийгэм Сурвалжлага
Огноо
Унших
9 минут 46 секунд

Гэм хийгээд эрхээ хасуулсан хүү хорихоос гарч ирэхдээ их сургуулийн оюутан болоод хүрээд ирнэ гэдэг маш том боломж. Буруу зөвийн мөн чанарыг гүйцэд таниагүй алдаа хийн, амьдралд хөл алдсан хүүхдүүд "аавынд" бус арван хоёр жилийн ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрөөс нэг ч хичээл дутаалгүй заадаг Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад суралцдаг аж. Энэ байгууллагын сургалтын үйл ажиллагааны дүнд энэ жил зургаан сурагч хаалттай хаалганы цаанаас Элсэлийн ерөнхий шалгалтад хамрагдан бүгд дээд сургуульд элсэн оржээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагын дэргэдэх Ерөнхий боловсролын сургуульд эрдмийн хичээлд хамрагдаж буй хүмүүжигч нарын сургалтын орчин болоод тус сургуулийн онцлогийг сурвалжиллаа.

"Хүүхдийн хорих" гэдэг нэр томъёоллыг авч хаяад бид найм дахь жилийн нүүрийг үзжээ. Тухайлбал, "Насанд хүрээгүйчүүдийн хорих анги" нэрийг 2013 "Сургалт хүмүүжлийн тусгай байгууллага" хэмээн сольж Ерөнхий боловсролын сургуулийн эрдмийн хичээлийг албан ёсоор хүмүүжигч нарт олгож эхэлсэн байна. Түүнийгээ дагаад тус сургуульд багшлах багш, сурган хүмүүжүүлэгч нарын орон тоог бэлтгэж, сургалтын орчныг ч стандарт нийцүүлсэн ажээ.

Хашааны цаана нууцлаг оршиж буй сургуулийн гадаад болон дотоод тохижилт бусад сургуулиас ялгарах зүйл нь хэмжээний хувьд арай жижиг. Харин анги танхим, номын сангийн гэрэлтүүлэг, цэвэр цэмцгэр байдал бусад сургуулиас дордохгүй. Цомхон хичээлийн танхимд суун хичээл үзэх сурагчдын тоо харьцангуй бага учир багш хүүхэд бүртэй тулж ажиллах боломж өндөр. Мөн сурагчид интернэт, гар утаснаас ангид учраас сатаарах зүйл үгүй нь энэ сургуулийн онцлог аж.

Сургуулийн ерөнхий үйл ажиллагаа болон ЭЕШ өгөн их, дээд сургуульд элсэж буй сурагчдын талаар Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагын дэргэдэх Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежер О.Мөнхчимэгтэй ярилцлаа.

-Та сургуулийнхаа талаар товчхон танилцуулбал?

-Манай сургууль ШШГЕГ-ын харьяа Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагын дэргэдэх Ерөнхий боловсролын сургууль бөгөөд 2013 онд бүрэн дунд сургуулийн хичээлийг явуулах эрхээ авч өдийг хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Ерөнхий боловсролын сургуульд ордог бүхий л хичээлд сурагч нар маань бүрэн хамрагддаг.

-Энэ жил Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагыг төгссөн зургаан сурагч ЭЕШ өгөн их, дээд сургуульд элсэн оржээ. Өмнөх жилүүдэд хэдэн сурагч их, дээд сургуульд элссэн бэ?

-2019 онд хоёр сурагч манай сургуулийн 12 дугаар ангийг төгсөн ЭЕШ өгч нэг нь ШУТИС-д элссэн. 2020 онд таван сурагч төгссөн ба дөрөв нь их, дээд сургуульд элсэн ороод суралцаж байна. Энэ жил зургаан сурагч ЭЕШ өгсөн ба зургуулаа их, дээд сургуульд орсон.

-Их, дээд сургуульд элсэн орсон сурагчдын гарах хугацаа нь болсон уу?

-Зургаан төгсөгчийн тав нь өнгөрсөн хавар гарсан. Одоо нэг нь хичээлээ цахимаар үзэж байна. Энэ жилийн нэг онцлог нь төгсөгчид маань эндээс гарах хугацаа нь болоогүй ч алсын зайн сургалт буюу цахим сургалтыг зохион байгуулах боломжийг нээсэн явдал юм.

-Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагыг төгсөн их дээд сургуульд орсон сурагчдад төлбөрийн хөнгөлөлт олгох боломж байдаг уу?

-Бидэнтэй хамтран ажилладаг олон улсын байгууллагууд энэ сургуулийг төгссөн сурагчдыг маш их дэмжиж ажилладаг. Мөн их, дээд сургуульд орсон сурагчдыг тухайн сургуулиуд нь дэмжиж байгаа. Их, дээд сургуулиудын хамтын ажиллагаа болон ОУ-ын байгууллагуудын тусламж, дэмжлэгээр бүх сурагчид маань тэтгэлгээр суралцдаг.

БШУЯ, Боловсролын үнэлгээний төвөөс манай сурагчидтай тулж ажиллан дэмжиж байна. Өнөөдрийн байдлаар бид МУБИС-тай хамтран гэрээ байгуулж тус сургуулийн захирлын нэрэмжит 50 хувийн тэтгэлэг сурагчдадаа олгож байна. Цаашдаа ч манай сургуулийг төгссөн сурагчид МУБИС-д элсэн ороход 50 хувийн тэтгэлэг эдлэх боломжтой болж байгаа юм. Тиймээс сурагчдыг маань дэмжин ажиллаж буй БШУЯ, Нийслэлийн боловсролын үнэлгээний төв, Баянзүрх дүүргийн боловсролын хэлтэс, МУБИС болон бусад байгууллагууддаа талархал дэвшүүлье.

Сургалтын менежер О.Мөнхчимэгтэй ярилцаж суухад сурагчдаараа бахархахын зэрэгцээ тэдний дээд боловсролд ч мөн санаа тавьж, тэтгэлэг олгож буй гадна, дотны байгууллагуудад чин сэтгэлээсээ талархаж байгаа нь мэдрэгдэв.

No description available.

12 дугаар ангиа төгсөөд ЭЕШ өгөн их сургуульд амжилттай элсэж чадсан их сургуулийн ОЮУТАН Г-тэй ярилцлаа.

-Ажлын тав хоногт юу хийдэг талаараа манай уншигчдад хуваалцвал?

-Өглөө 08.00 цагаас 15.00 цаг хүртэл багш нарын сургалтууд ордог. Дараа нь төрийн бус байгууллагуудын зан чанарын болон зургийн хичээл, нарийн боовны, хөгжмийн зэрэг хичээлүүд ордог. Оройн цагаар хичээлээ хийж өнгөрүүлдэг. Ажлын өдөр чөлөө завгүй, үр бүтээлтэй өнгөрдөг.

-ЭЕШ өгсөн талаар тань ярилцъя. Ямар хичээлүүдээр шалгалт өгсөн бэ?

-Англи хэл, Монгол хэл, Математик, Нийгмийн ухааны хичээлээр ЭЕШ өгсөн. Бүгд дээр нь сайн оноо авсан.

-Хэдийгээр зарим эрхээ хасуулсан ч гэлээ сурч боловсрох үндсэн эрхээ эдэлж байгаа нь танд ямар боломж нээж байна вэ?

-Энэ бол маш том боломж. Би энд ирээд өөрийгөө их цаг хугацаа алдана гэж бодож байсан бол үгүй байж. Цаг хугацаа алдалгүйгээр үргэлжлүүлж сураад ЭЕШ өгөөд их сургуульд элсэж чадсан. Түүнээс гадна нэг жилийн чөлөө авах гэж байснаа болиод цахимаар сурах боломжтой болсон.

-Өмнө өөр сургуульд сурдаг байхдаа хичээлдээ хэр дуртай байсан бэ?

-Өмнө идэвхгүй, хичээл надад чухал биш байсан. Энд бол хичээл хийх боломж маш их. Хичээлээс өөр зүйл бараг хийхгүй. Чөлөөт цагаараа зураг зурж, теннис тоглон, сагсан бөмбөг тоглох дуртай. Чаддаггүй байсан зүйлсээ эндээс сурч авсан. Жишээ нь, зураг зурах, талх, нарийн боов хийх зэрэг.

-Ямар мэргэжил сонгосон бэ?

-Нийгмийн ажилтны мэргэжил сонгосон.

-Яагаад?

-Би хүмүүст туслах дуртай. Энэ мэргэжил хүмүүст тус дэм болох үүрэгтэй. Хичээлээс хоцрогдож байгаа хүүхдийн хоцрогдлыг арилгахад туслах зэрэг үүрэгтэй гэж боддог. Тийм ч учраас сургуулийн нийгмийн ажилтан болно гэж бодож байгаа.

-Дээд боловсрол эзэмших болсонд тань баяр хүргэж, сурлагын өндөр амжилт хүсье.

-Баярлалаа.

Сурагчдын хүмүүжлийн асуудалд хамгийн их хувь нэмэр оруулан ажиллаж буй тус сургуулийн Нийгмийн ажилтан Ц.Дэжид "Тус байгууллагад ирсэн хүүхдүүд нь янз бүрийн хүчийн зүйлээс болж гэмт хэрэгт холбогдсон байдаг. Ар гэрийн анхаарал халамж сул, өсвөр насны хүүхэдтэй хэрхэн зөв харьцах талаар мэдлэг дутмаг байдгаас шалтгаалан үл ойлголцол болж гэр бүлээсээ дайжиж гэмт хэрэгт холбогдсон байдаг. Гадуур pc тоглоомын газар тоглоход мөнгө хэрэгтэй. Эцэг эхээсээ хүүхэд мөнгө авч чадахгүй учраас хулгай хийх зэрэг бусад замаар мөнгө олохыг хичээдэг. Энэ нь хүүхдүүд гэмт хэрэгт холбогдох хамгийн том шалтгаан болж байгаа юм.

Тус байгууллагад ирснээс нь хойш мэдээж хэрэг ЕБС-д хамруулахаас гадна нийгэмшүүлэх сэтгэлзүйн чиглэлээр сургалтад хамруулдаг. " хэмээв.

No description available.

Өдөр хоног жирэлзэн өнгөрч буй өнөөгийн нийгэмд цаг хугацааг хэн ч нөхөж чадахгүй. Эдгээр сурагчид тодорхой хугацааг торны цаана өдөр хоногийг тоолоод өнгөрөөх бус зорилготой, зүтгэлтэй, үр дүнтэй өнгөрүүлэн хамгийн гол нь хугацаа алдахгүй сурч, боловсорч байгаа нь нэн чухал. Нөгөөтэйгүүр хэцүү нэртээс толгой гудайлган гарах бус хэлэх үгтэй, хийсэн зүйлтэй, гэртээ очоод сурах сургуультай ЕБС-ийг төгсөөд гарч ирж буй нь эдгээр хүүхдүүдийн ирээдүйн амьдралд асар том тус дэм болж байгаа юм.

Сурвалжилсан: Б.Амарбаясгалан

Э.Цэндбаатар: Дэлхийн аваргад ормоор байна, надад нэг боломж олгооч
Э.Цэндбаатар: Дэлхийн аваргад ормоор байна, надад нэг боломж олгооч
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.