Монгол Улсын Засгийн Газрын 235 дугаар тогтоолын дагуу МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн хоёроос дөрөвдүгээр дамжааны оюутнууд "Алтан намар аян"-д хамрагдаж, ургац хураалтад ажиллахаар Төв аймгийн Жаргалант сумыг зорилоо.
Тус сургуулийн 280 оюутан 21 хоногийн хугацаанд ургац хураалтад ажиллах юм.
Ургац хураалтад явж буй оюутнуудын хичээлийн зохицуулалт, ажлын хөлсийг хэрхэн тооцох талаар МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн захирал Г.Энхсайханаас тодрууллаа.
-Хэддүгээр курсын оюутнууд ургац хураалтын ажилд явж байна вэ?
-МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн хоёроос дөрөвдүгээр курсын 280 орчим оюутан явж байна. Нэгдүгээр курсын оюутнууд явахгүй. Бид гурван сайдын тушаалын дагуу нийгмийн хариуцлагаа үүрэн, ургац хураалтын ажилд оролцон бусад сургуулиудаа уриалж байгаа нь энэ юм.
-Танхимийн хичээл ирэх даваа гарагаас эхлэх гэж байна. Эдгээр оюутнуудын хичээлийг хэрхэн зохицуулж байгаа вэ?
-Бид хичээлийн хуваариа зохицуулсан. Нэгдүгээр курсын оюутнууд даваа гарагаас ордогоороо орно. Хоёроос дөрөвдүгээр курсын оюутнуудын хичээлийн хувьд МУБИС-иас зохицуулалт хийж, агуулгыг шахах байдлаар нөхөж олгоно. Оюутнууд 21 хоногийн дараа ирж хичээлдээ суугаад хичээлээ нөхөж үзнэ. Хоцрогдол үүсэхгүй.
-Оюутнуудын ажлын хөлсийг ААН-үүдтэй хэрхэн тохиролцсон бэ?
-Манайх Төв аймгийн Жаргалан сумын Засаг дарга, ААН-үүдтэй гэрээ хийсэн. Ажлын хөлсийг гүйцэтгэлээр нь олгох юм. Нэг шуудай төмсийг 1200 төгрөгөөр бодож байгаа. Өдөрт 41 шуудай төмс хураахад 50,000 төгрөг авах юм. Мэдээж 41-ээс илүү хураавал илүү цалин авна. Байр, хоол, тээвэрлэлтийг ААН-үүдийн талаас дааж байгаа.
Чемоданаа барьсан оюутнууд ангийн нөхдийн хамт баяр хөөртэйгээр автобусандаа суухыг хүлээсээр. Оюутнуудын төлөөлтэй уулзаж, ажилд явж байгаа сэтгэгдлээс хуваалцлаа.
Хоёрдугаар курсын оюутан Б.Дашням "Өмнө ургац хураалтын ажилд явж байгаагүй. Ангиараа явж байгаа болохоор оюутан насны дурсамж бүтээгээд ирэх байх. Түүнээс гадна хамт олонтойгоо хөдөлмөр эрхэлж түүнийхээ үр шимийг амсах байх. Эрч хүчээр дүүрэн 21 хоног болно гэж бодож байна" гэлээ.
Хоёрдугаар курсын оюутан Э.Рэнцэнханд "Анх удаа ийм ажилд явж байгаа болохоор юу гэж хэлэхээ сайн мэдэхгүй байна. Догдолж байна. Мэдээж амаргүй ажил байх. Гэхдээ хамтаараа хийж байгаа болохоор шантрахгүй байх. Хариуцагч багш мөн байгаа болохоор бусад асуудлуудад санаа зовохгүй байна" гэв.
МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн Спортын тэнхимийн ахлах багш Л.Нарантуяа "Нэг багш ойролцоогоор 25 оюутан хариуцаж байгаа. Энэ бол маш өндөр хариуцлага. Халдварын үед эрүүл мэндийн талаас нь сануулгыг оюутнуудад өгсөн. Очоод юун түрүүнд эрүүл мэнд тал дээр нь хариуцаж ажиллана. Оюутнуудынхаа эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах болон ажлын амтыг мэдрүүлэх зорилготой байна" гэлээ.
Удаан уулзаагүй оюутны нэг ангийн найзууд зуны амралтаа хэрхэн өнгөрүүлсэн талаараа ярилцсаар хариуцсан багшийн хамт тус тусын автобусандаа суулаа. Залуу насны эрч хүчээ гал цогтойгоор бадраан ургац хураалтад ажиллахаар сэтгэл догдлон яарч буй оюутнууд бахархмаар. Дурсамжаар дүүрэн 21 хоногийг үр бүтээлтэйгээр өнгөрүүлж, алтан намрын ургац хураалтад гар бие оролцох гэж буй оюутнуудын эцэг эх, сургуулийн зарим багш нар үдэн гаргаж өглөө.
Сурвалжилсан: Б.Амарбаясгалан