Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цахим засаглалд шилжих, хүнд сурталгүй, авлигагүй төрийн үйлчилгээг бүрдүүлэх үндэсний хороо хуралдлаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 35 секунд

Цахим засаглалд шилжих, хүнд суртал, авлигагүй төрийн үйлчилгээг бүрдүүлэх үндэсний хороо өнөөдөр хуралдлаа. Хурлаар нийслэлийн Газрын алба, Ашигт малтмалын лицензийг сонгон шалгаруулахтай холбоотой мэдээллийг холбогдох албаныхан Үндэсний хорооны гишүүдэд танилцууллаа.

Тус хороог Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахалдаг. Хуралдааны эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хоёр жилийн дотор авлигын индексийг хоёр оронтой тоо руу оруулах зорилт тавин ажиллаж байна. Нийслэлийн дүүргүүдийн газрын албаны үйл ажиллагааны хүнд суртал, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулахтай холбоотой гомдол, санал хамгийн их ирж байгаа. Тиймээс энэ удаагийн хурлаар дээрх асуудлуудтай холбоотой танилцуулгыг сонсож, санал хүсэлт авна” гэлээ.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ендон танилцуулга хийв. Тэрбээр “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулах журмыг шинэчилнэ. Энэ журмыг 2018 онд баталсан ч өнөөдрийг хүртэл аж ахуйн нэгжүүдээс гомдол, санал их ирж байгаа. Нийтэд ил тод, нээлттэй, тэгш өрсөлдөх боломжийг хангасан, түргэн шуурхай, цахим болгохоор ажиллаж байна. Үүний тулд аж ахуйн нэгжүүдийг оролцуулсан хэлэлцүүлэг удаа дараа зохион байгуулсан. Сонгон шалгаруулалт зарлах талбайг жилд нэг удаа нээлттэй зарлана. Энэ нь олон аж ахуйн нэгжид боломж олгох юм” гэлээ.

Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар нар Газрын тухай багц хуулийг яаралтай батлах хэрэгтэйг хэлж байлаа.

Хурлын төгсгөлд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олон хууль, журам батлахад хугацаа алдана. Хэрэгжилтийг түргэвчлэхийн тулд Коронавируст халдварын цар тахлын үеийн шинэ сэргэлтийн хуульд газрын харилцаа, ашигт малтмалын лицензийг сонгон шалгаруулахтай холбоотой заалтуудыг оруулан боловсруулж, газрын мэдээллийг ил тод болгох хэрэгтэйг үүрэг болголоо. Мөн янз бүрийн код өгч төөрөгдүүлэх хэрэггүй. Төрийн байгууллагуудын мэдээллийн нэгдсэн системийг бий болгож, өөрсдийн чиг үүргийн дагуу иргэдэд хүндрэл, чирэгдэл үүсгэлгүйгээр хариуцлагатай ажиллах ёстойг Ерөнхий сайд Үндэсний хорооны бүрэлдэхүүнд даалгажээ.

УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцанд Япон Улсын төрийн дээд шагнал гардуулжээ
УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцанд Япон Улсын төрийн дээд шагнал гардуулжээ
 
Баялгийн сангийн тухай хуулийг дагаж өөрчлөгдсөн хуулиуд “Legalinfo”-д байршиж эхэлжээ
Баялгийн сангийн тухай хуулийг дагаж өөрчлөгдсөн хуулиуд “Legalinfo”-д байршиж эхэлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.