Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас Улаанбаатар хотын төвлөрөлийг сааруулж, нэг төвт хотоос найман төвтэй хот болгох улсын бодлогын хүрээнд Нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолборт Нийслэлийн ИТХ, НЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн албыг 2021 оны 12 дугаар сарын 31-ны дотор нүүлгэн шилжүүлэх тогтоолыг баталжээ. Тус тогтоолтой холбоотой бэлтгэл ажлыг хангахыг Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой зардал, санхүүжилтийг Сангийн сайд Б.Жавхлан нарт үүрэг болгосон байна.
Энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн "Эхний ээлжинд НИТХ, НЗДТГ, Захирагчийн алба, 16 агентлаг алба гээд нийтдээ 900 гаруй ажилтан, албан хаагч шинэ Захиргааны байр руу нүүхээр болж байна. Түгжрэлтэй хийх тэмцэл, төрийн байгууллагын зүгээс гаргаж буй манлайллыг нийслэлийнхэн авч явах шаардлага бий болсон. Үүнтэй холбоотой гаргаж буй шийдвэр. Хотын Захиргааны шинэ байранд одоо ор дэлгэсэн, ковидын өвчтөнүүдийг авч байгаа. Эдгээр хүмүүсийг хаашаа шилжүүлэх асуудлыг ярина. Мөн Баянхошуу, Шархад, Сэлбэ гэсэн гурван төв байгуулагдсан. Тиймээс зарим яам, тамгын газрыг тус төвүүд рүү нүүлгэх асуудал яригдаж байна" гэлээ.