Цагаан давааны хогийн цэгт өдөрт 1.5-2 мянган тонн хог хаягдал төвлөрдөг. Одоогийн байдлаар 22 га талбайг хог хаях зориулалтаар ашиглаж байгаа бөгөөд үүнээс найман га талбайн хогийг ландфил технологиор дарж, булах ажил хийгдэж байгаа аж. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/ 2020 оноос эхлэн Нарангийн энгэр, Цагаан даваан дахь төвлөрсөн хоёр хогийн цэгт хог дарж булах ландфилийн талбайг хэсэгчлэн хааж, нөхөн сэргээх ажлыг эхлүүлсэн билээ. Уг ажлын хүрээнд Нарангийн энгэрийн хогийн цэгт нийт 16 га талбайг хоёр жилийн хугацаанд нөхөн сэргээн, зүлэгжүүлэх ажлыг хийсэн.
Харин Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгийн дөрвөн га талбайг 2020 онд, дахин дөрвөн га талбайг 2021 онд нөхөн сэргээснээр нийт найман га талбайд нөхөн сэргээх ажлыг хийн зүлэгжүүлсэн юм. Уг найман га талбайд таван метр урт, нэг метр диаметртэй, агаар сэлгэх боломжтой 33 метан хий зайлуулах бетонон хоолойг суурилуулжээ. Мөн 70-100 см шороон хөрсөн хучилт хийн олон наст зүлэг тарьсан байна. Нөхөн сэргээлт хийсэн талбайг хогийн цэгээс тусгаарлахын тулд гурван метр өндөртэй, 360 метр урт төмөр торон хашааг барьжээ.