Монгол Улсын Засгийн газрын 2021 оны наймдугаар сарын 4-ний өдрийн хуралдаанаар Богдхан төмөр замын төслийн суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг "Тавантолгой төмөр зам" ХХК-д олгосон. Энэхүү барилгын ажлын нээлт өнөөдөр боллоо. Богдхан төмөрзам ашиглалтад ороход нийслэлийн авто замын түгжрэл багасч, ажлын байр нэмэгдэн, хүн амын төвлөрөл саарч, улмаар агаар хөрсний бохирдол буурна. Түүнчлэн төмөр замын тээх, нэвтрүүлэх хүчин чадал нэмэгдэж, нийслэл дэх хөдлөх бүрэлдэхүүний чимээ багассанаар нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэх юм.
Нээлтийн үеэр "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалаас цөөн зүйлийг тодрууллаа.
-Энэ төслийн ач холбогдлыг хэрхэн харж байна вэ?
-Энэ бол 10 гаруй жил гацсан төсөл. Улаанбаатар төмөр зам 2010 онд техник эдийн засгийн үндэслэлийг хийж байсан. Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хооронд энэ асуудлыг ярих ёстой гэж ойлгож ирсэн. Монгол Улсын Засгийн газар яаралтай горимоор тухайн төслийг эхлүүллээ. Монгол Улсын Засгийн газар өмнөө тавьсан зорилтоо хэрэгжүүлэхийн тулд, өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахын тулд Төмөр замын транзит ачааны ачаа тээврийг нэмэгдүүлэх асуудлыг ярьж байна. Хамгийн гол асуудал нь инженерийн маш том шийдэл хэрэгтэй байгаа. Одоо болтол шийдэгдээгүй. Монгол Улсад анх удаа 16.6 км-ийн урттай хоёр тунел барина. Энэ тунел хамгийн гүндээ 200 метрийн дор явна. Тунел барьж байгаа шалтгаан нь Улаанбаатар хот 4 уулын дунд оршдог. Энэ дөрвөн уулыг тойруулж тавьж байгаа учир тунел тавихаас өөр гарцгүй. Яваандаа Улаанбаатар хотод метро тавигдах эхлэл болно гэж харж байна. Үүнийг монгол инженерүүд барьж чадна гэж харж байна.
-Гаднаас инженерүүд оролцох уу?
-Яаралтай горимоор эхлүүлсэн учраас судалгааны ажлыг 14 хоногт нэгтгээд төслөө эхлүүлсэн. Тун удахгүй хамгийн сайн туршлагатай улс болох Европ, Азийн улсуудаас тунелийн технологийн ажлуудыг судалж ирнэ. Тунелийг тавина гэсэн бүрэн итгэлтэй байгаа. Энэ цэгээс 40.6 км-н цаана эхний тунел эхэлнэ. Тус тунел нь 9.1 км. Монгол наадам цогцолбороос хөндий рүү орж ирсэн 7.1 км-н тунелийг барих ажлыг хийх ёстой.
Богдхан төмөр зам төслийг хийх хугацаа зөвхөн тунелийнхээ хугацаанд баригдана.
-Суурь бүтцийг хэрэгжүүлэхэд хэчнээн төгрөг шаардлагатай вэ?
-Эхний 100-150 сая доллар байхад газар шорооны ажлаа эхлүүлчихнэ. Санхүүжилтийн ажлыг яаралтай горимоор шийдэх байх.
Г.Лхагвадорж