Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шивээсчин Б.Отгонбаатар: Шивээс бол гадагшаа илэрч байгаа дотоод ертөнцийн илэрхийлэл

Ангилал
Нийгэм Ярилцлага
Огноо
Унших
13 минут 33 секунд

Сүүлийн үед залуус бие дээрээ ямар нэг утга агуулга бүхий шивээсийг их хийлгэх болсон. Нэг талаараа шивээс нь гоёмсог ганган байдлыг илэрхийлдэг бол нөгөө талаараа тухайн хүний сэтгэл, мэдрэмжийг ч илэрхийлж байдаг. Тэгвэл шивээс сонирхогч залуусын андахгүй таних шивээсчин Dione Pogji буюу Б.Отгонбаатартай ярилцлаа.

-Анх хэзээнээс эхлэн шивээс хийх болов?

-Багаасаа л зураг зурах хоббитой хүүхэд байсан. Тэр маань ч шивээсэнд дуртай болох нэг шалтгаан болсон байх. Аав маань ч мөн шивээстэй байсан болохоор түүнийг нь их л сонирхдог болсон. Яг анхны шивээсээ III ангид байхдаа хийлгэж байсан юм. Ер нь түүнээс хойш нэг л мэдэхэд шивээсэнд сонирхолтой, дуртай болчихсон байсан. Одоогоор 12 жил тасралтгүй шивээс хийж байна.

-Өмнө нь нийгэм тэр аяараа шивээсний талаар сөрөг хандлагатай байсан. Одоо үед нийгэм өөрчлөгдөхийн хэрээр шивээсний үнэ цэнийг хүмүүс ойлгодог болсон байна. Энэ тал дээр та ямар бодолтой байдаг вэ?

-Өмнө нь хүмүүс бие дээрээ шивээс хийлгэхдээ төдийлөн ач холбогдол өгдөггүй байсан. Гэтэл одоо илүү ач холбогдол өгдөг болсон нь авууштай санагддаг. Магадгүй багагүй мөнгөөр хийгддэг болохоор хандлага нь хүртэл өөрчлөгдсөн байж болох ч нөгөөтэйгүүр шивээстэй болбол илүү чамин, гоё харагддаг гэж боддог болсон ч байж магадгүй юм.

-Өөрийн тань хувьд 12 жил тасралтгүй шивээс хийж байгаа юм байна. Тэгвэл өмнө ба одоо үеийн шивээсний төрөл хэрхэн хувьсаж байна?

-Одоогийн хүмүүс маш минимал амьдралыг эрхэмлэдэг болчихсон. Үүнийгээ дагаад ч тэр юм уу хийлгэж буй шивээс нь ч хүртэл маш энгийн, минимал хэв маягийг агуулах болсон нь ажиглагдаад байгаа. Өмнө нь магадгүй шивээс хийлгэдэг хүмүүс маш хүнд загвар сонгоод шивээсээ хийлгэдэг байсан бол одоо маш энгийн, жижигхэн шивээсийг төлхүү хийлгэдэг болчихсон.

-Өмнө нь зөвхөн эрчүүд шивээс хийлгэдэг гэсэн тогтсон хандлагатай байсан шүү дээ. Гэтэл одоо эмэгтэйчүүд ч мөн маш ихээр шивээс хийлгэх болсон байна лээ?

-Мэдээж шивээс хийлгэхэд хүйс хамаарахгүй. Хэн хүссэн хүн өөрийнхөө бие дээр шивээс хийлгэх боломжтой. Миний бие дээр биш, зөвхөн тухайн хүний бие учраас биеийнхээ хаана ч шивээс хийлгэж болно. Бусад хүмүүс ч бас энэ хүн ийм, тийм шивээстэй гэх шаардлагагүй байх. Гол нь шивээс хийлгэхээр шийдсэн бол сэтгэлийн бэлтгэлтэй, тэвчээртэй байх нь чухал.

-Хүмүүс ихэвчлэн ямар нэг утга учир бүхий зураг сонгоод шивээс хийлгэдэг байх. Таны хувьд шивээснүүдээ хэрхэн хийлгэв. Мөн өөрөө өөрийнхөө шивээснүүдийг хийдэг үү?

-Миний хувьд тухай мөчид ямар нэг зүйл сэтгэгдэл төрүүлсэн болон ямар нэг мэдрэмж авсан бол түүнийгээ шууд зураг болгоод шивүүлчихдэг. Нэг ёсондоо шивээс бол гадагшаа илэрч байгаа дотоод ертөнцийн илэрхийлэл гэж хэлж болох юм. Өөр юунаас ч авахааргүй мэдрэмжийг шивээснээс авч чаддаг. Тийм ч учраас би шивээс хийлгэж буй хүмүүсийнхээ сэтгэлд 100 хувь хүргэхийн тулд хийдэг.

-Коронавируст цар тахал таны ажилд хэрхэн нөлөөлөв. Мөн одоо халдвар хамгааллын дэглэм сахих гэдэг бол нэн тэргүүний шаардлага болчихсон шүү дээ. Хэрхэн дэглэмээ сахиж байна?

-Мэдээж хэрэг эдийн засагт маш их нөлөөлж байгаа. Шивээс хийлгэж байгаа хүмүүсийн хувьд надаас худалдан авалт хийж байгаа гэсэн үг шүү дээ. Яг л хүмүүсийн худалдан авах чадвар буурсан шиг шивээс хийлгэх хүмүүс ч багассан байгаа.

Харин ариутгал халдваргүйтгэлийн хувьд бүх хэрэглэж байгаа зүйлс маань нэг удаагийх байдаг учир харьцангуй аюул багатай. Мэдээж өрөөгөө тогтмол ариутгуулаад явж байгаа.

-Шивээс хийхэд ямар хугацаа шаарддаг юм бол. Хамгийн ихдээ болон хамгийн багадаа?

-Мэдээж шивээсний онцлогоос шалтгаалаад өөр өөр хугацаатай байдаг. Жижигхэн, ажиллагаа багатай шивээсийг өдөрт нь багтаагаад хийчихдэг бол ажиллагаа ихтэй, том шивээс хийхэд сарын хугацаа ч зарцуулдаг. Миний хувьд өөрийн баримталдаг зарчим байдаг юм. Тэр юу вэ гэхээр өдөрт 5 цагийг үр бүтээлтэй, ажилдаа зориулах ёстой. Хэрвээ түүнээс олон цаг болбол хүний дархлаа хэт унах магадлалтай. Тиймээс 5-аас дээш цаг суухыг төдийлөн хүсдэггүй.

-Шивээс хийлгэж байгаа хүмүүсийг юун дээр анхаараасай гэж хүсдэг вэ?

-Хамгийн гол нь САНАА-гаа сайн бодож байж ирэх хэрэгтэй. Би ямар шивээс хийлгэх вэ, ямар утга агуулга, илэрхийлэмжтэй байх вэ зэргийг сайтар бодолцох нь чухал. Учир нь шивээс бол тухайн хүний бие дээр насан туршид нь үлддэг болохоор хэт хөнгөн хандахгүй байх нь чухал. Заримдаа шивээсээ даруулахаар хүмүүс ирдэг юм. Яг л өмнө нь би юу хийлгэх үү, ингээд бичүүлчихье, ингэсгээд шивүүлээд орхичихъё гээд хийлгэчихсэн хүмүүс ирдэг. Мөн шивээс хийлгэчихээд өөрийхөө биеийг хэт тоох гээд байдаг залуус байна. Тийм бодолтой залуус байхгүй байгаасай гэж хүсдэг дээ.

-Биеийн аль хэсэгт шивээс хийлгэвэл арай өвдөлт байгатай байдаг юм бол. Өвдөлт ихтэй, багатай хэсэг гэж байдаг юм билээ. Мөн шивээс хийлгэж болохгүй газар байдаг уу?

-Биеийн ястай хэсэг дээр шивээс хийхэд өвдөлт илүү мэдрэгдэнэ. Жишээлбэл, эгэм. Арьс, ясны завсар мах багатай учир өвдөлт их мэдрэгдэнэ. Мөн гуяны дотор тал ч гэдэг юм уу биеийн дотор болон далд хэсэгт өвдөлт их мэдрэгдэнэ. Харин гар, хөл ч гэдэг юм уу мах ихтэй газруудад арай бага өвдөлттэй байдаг. Хүмүүс шивээс хийлгэхэд хэт их өвддөг гээд төсөөлөөд ирдэг юм. Гэхдээ үнэн хэрэгтээ төсөөлснөөс ч бага өвддөг. Миний хувьд өвдөлт дээр төдийлөн ач холбогдол өгөөд байдаггүй юм. Хүн хүссэн зүйлээ, өөрийн мэдэрч бу мэдрэмжээ шивээсээр илэрхийлж байгаа болохоор өвдөлт тийм ч чухал биш. Гол нь таашаал авах шүү дээ.

Биеийн аль нэг хэсэгт хийлгэж болохгүй гэсэн зүйл байдаггүй. Биеийнхээ хүссэн бүх хэсэгт шивээс хийлгэж болно. Над дээр ирсэн үйлчлүүлэгчид маань дахин заавал ирж, байнгын үйлчүүлэгч ч болдог. Одоо бүр над дээр 7,8 дахь жилдээ ирж шивээс хийлгэж байгаа ч хүн байна. Бараг биедээ бүтэн шивээстэй болбол л ирэхгүй байх шүү. Гэхдээ хөлийн өсгий, гарын алга ч гэдэг юм уу эвэрлэг бүрхүүлтэй газруудад шивээс хийхэд тогтож үлдэх нь ховор байдаг.

-Таны хувьд шивээс хийснийхээ дараа ямар мэдрэмж авдаг вэ?

-Хүн хэт их өлсөж байгаад, эсвэл ядарч байгаад хоол иддэг шиг мэдрэмж авдаг. Маш сайхан мэдрэмж авдаг. Ялангуяа бүтэн нуруу, бүтэн гар дээрх шивээсээ дуусгачихвал маш их кайф авдаг. Гэхдээ мэдээж маш их хугацаа, хүч хөдөлмөр шаарддаг. Гэвч хүмүүс хуучин шиг нэг их удахгүй гэж бодоод байдаг юм.

-Шивээс хийлгэхэд нас чухал уу?

-Мэдээж чухал байлгүй яахав. Миний хувьд 18 нас хүрээгүй хүүхдэд төдийлөн шивээс хийгээд байдаггүй юм. Хэрэв шивээс хийхээр бол эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлөөр хийдэг. Ер нь л оюун санаа нь арай төлөвшөөгүй хүүхдүүд шивээс хийлгэхээс түр хугацаанд татгалзах хэрэгтэй гэж боддог юм. Өрийн үзэл бодол, дуртай зүйлээ мэддэг болсон цагтаа хийлгэвэл илүү нандин байх болов уу.

Гэхдээ сүүлийн үед эцэг эхчүүд нь хүүхдүүдээ маш их дэмждэг болчихсон юм шиг санагддаг. Над дээр 50 гаран насны эгч ирж шивээс хийлгээд явахдаа охиндоо шивээс хийлгэхийг ятгаад, хийлгэж байсан юм. Тухайн үед охин нь 20 орчим настай байсан байх. Маш хөөрхөн санагдаж байсан.

-Таны шивээсийг хэн хийдэг вэ. Өөрөө хийдэг үү?

-Зүүн гарынхаа шивээснүүдийг бол өөрөө хийсэн. Бусад шивээс маань надаар шивээс хийлгэхийг заалгаж байгаа дүү нарын маань туршилт гэхэд болно. Маш мундаг шивээсчин гарах байх гэж боддог юм. Мөн зарим нэг шивээс хийхийг заалгахаар ирсэн хүүхдүүд нэг их удалгүй шантраад алга болчихдог. Маш амархан сурчих зүйл бол огт биш. Цаасан дээ бийр, бэхээр зурж байгаа биш болохоор маш их ур чадвар, тэсвэр хатуужил шаарддаг.

Миний хувьд бараг найман жил нь шивээс хийхийг сурахад зориулагдсан гэж хэлж болно. Түүнээс биш шууд сураад мөнгө олчихно гэсэн ойлголт байхгүй. Тиймээс шивээс хийхдээ дуртай, сонирхолтой байх маш чухал.

-Анх гэр бүлийнхэн тань хэр хүлээж авч байв?

-Анх бол маш их зүйл болсон. Манай ээж л их дургүй байсан. Хүний арьс муухай болгочих вий гэж их айдаг байсан байх. Одоо харин өөр шүү.

-“Make up artist”-аар төгссөн гэсэн шүү дээ. Студидээ мөн “Make up” хийдэг үү?

-Тийм ээ. Гэхдээ одоо цар тахалтай байгаа болохоор нүүр будахгүй байна. Заримдаа ажлын санал орж ирвэл нүүр будалтаа хийдэг. Одоогоор бол шивээсээ хийгээд л явж байна даа.

-Өөрийн тань хувьд маш гарын дүйтэй юм байна. Нүүр будалт, шивээснээс өөр юу хийдэг вэ?

-Бүтээл чажил ихэвчлэн хийдэг. Толгойн гоёл ч гэдэг юм уу, өөрийн илэрхийлэмжээ гаргах зүйлүүдийг хийдэг. Нэг хэсэг маш эрчимтэйгээр хийж байсан ч ажил амжихгүй болохоор хийх боломж гарахгүй байгаа. Мөн маш чадварлаг зурагчидтай хамтран ажилладаг.

-Цаашдын зорилгоосоо хуваалцвал?

-Одоогоор бол том брендийн артист болохыг хүсч байгаа. Удахгүй зорилгодоо хүрэх байх гэж л бодож байгаа. Мөн нүүр будалтаараа хотын аварга, улсын аварга, олон улс гээд тэмцээнд орж байсан. Олон улсаас 2 төрөлд II болон III байр эзэлж байсан. Одоо дэлхийн аварга л үлдчихээд байна. Санхүүгийн асуудлаас үүдээд зохион байгуулагдаж чадахгүй байгаа гэсэн. Түүнээс жил бүр болдог юм. Дэлхийн аваргаас шагнал хүртэх л дутуу байна.

-Энэ төрлийн тэмцээнд явахад манай улсаас ямар нэг тусламж үзүүлдэггүй байх тийм үү?

-Тийм ээ. Бүх зардлыг өөрөөсөө гаргаад явна. Гэхдээ нэг шагнал авчихвал өөрийгөө бас таниулах нэг алхам гэж хардаг.

-За сонирхолтой яриа өрнүүлсэнд баярлалаа.

-Баярлалаа.

Монголбанк: Дурсгалын 10000 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг цөөн тоогоор үйлдвэрлэж, худалдаанд гаргасан
Монголбанк: Дурсгалын 10000 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг цөөн тоогоор үйлдвэрлэж, худалдаанд гаргасан
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.