Сүүлийн өдрүүдэд халдварын тохиолдол тогтвортой буурч байна. Гэвч өнгөрсөн долоо хоногт ХӨСҮТ-ийн дарга Л.Баттөр твиттер хуудаснаа "Энэ байдлаар буцаад халдварын тархалт өсөх нь тодорхой болж байна даа. Хүн бүр дор бүрнээ хичээчих юмсан. Арай л эрт тайвшираад байна. Ирэх долоо хоногууд хэцүүхэн байх дүр зураг харагдаж байна" хэмээн жиргэсэн нь олон нийтийн дунд болгоомжлолыг төрүүлсэн.
Дельта вирус илэрсэн энэ үед иргэд анхаарал, сэрэмжээ сулруулснаас хичээл сургууль орох үед халдварын нөхцөл байдал хүндрэх эрсдэл бий гэдгийг ХӨСҮТ-ийн дарга Л.Баттөр илэрхийлсэн аж. Тэрбээр "Зургадугаар сарын 18-наас хойш тохиолдлын тоо тасралтгүй буурсан үзүүлэлттэй байгаа шүү дээ. Ерөнхий тооцооллоор өмнөх долоо хоногт нийслэлийн хэмжээнд өдөрт хамгийн багадаа 200 орчим тохиолдол бүртгэгдсэнийг анзаарсан байх. Хэрвээ буурах төлөвтэй байсан бол энэ долоо хоногт ч үргэлжлээд тохиолдлын тоо багассан үзүүлэлттэй гарах ёстой. Гэтэл тархвар зүйн муруй хавтгай байдал руу шилжиж байна. Өөрөөр хэлбэл, тогтвортой байсан үзүүлэлт маань буурахаа больж байна гэсэн үг. Үүнд юу нөлөөлж байна гэдэг талаас нь жиргэсэн.
Тухайлбал, бүсийн наадмууд, хурим найр, олныг хамарсан уулзалт арга хэмжээ хүртэл өргөнөөр зохион байгуулагдах боллоо. Гэхдээ баяр, наадам зохион байгууллаа гээд тэнд заавал очиж, бөөгнөрөл үүсгэх нь эрсдлийг нэмэгдүүлсээр байна" гэлээ.