Япон улсын Хигашиосака хотноо энэ сарын 24-өөс өнөөдрийг хүртэл зохион байгуулагдсан олон улсын олимпиадад 79 орын 312 сурагч оролцлоо. Үүнээс химийн олимпиадын дүн гарч, Монгол улсын баг хоёр мөнгө, нэг хүрэл, нэг тусгай байрын шагнал авлаа.
Олон улсын хэмжээнд математик, мэдээлэл зүй, хими, биологи, физик, газарзүй гэсэн хичээлүүд багтдаг байна. Энэ жилийн тухайд манай сурагчид газар зүйгээс бусад таван олимпиадад оролцож нийт хоёр алт, зургаан мөнгө, долоон хүрэл медаль авч байгаа бол дөрвөн сурагч тусгай байрт шалгарлаа. Нэг жилд дунджаар 3-5 медаль хүртдэг байсан бол энэ жил Монголын сурагчид 19 шагнал хүртэж онцгой амжилт үзүүлж байна.
Цар тахалтай холбоотойгоор Улсын олимпиадуудыг цуцалж, олон улсын олимпиадын буухиаг таслахгүй байх зорилгоор сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулан сурагчдаа сонгон шалгаруулж, бэлтгэж, дасгалжуулж, шаардлагатай төсөв санхүүжилтийг шийдвэрлэж ажилласан байна.