"Токио 2020" зуны олимп нээлтээ хийгээд найм хонож байна. Энэ хугацаанд Монгол Улсын гавъяат тамирчин М.Уранцэцэг, жүдо бөхийн ОУХМ Ц.Цогтбаатар нар олимпын хоёр хүрэл, эрэгтэйчүүдийн жүдо бөхийн 81 кг жинд жүдоч Саид Моллай мөнгөн медалийг эх орондоо авчраад буй. Өнөөдөр хуваарийн дагуу манай буудлага, жүдо бөх болон усан сэлэлтийн тамирчид тэмцээндээ оролцож байгаа билээ. Тэгвэл дөнгөж сая 50 м-ийн өврөөр даллах сэлэлтийн төрөлд манай сэлэлтийн шигшээ багийн тамирчин Батбаярын Энххүслэн оролцлоо.
Тус төрөлд ОУХМ Б.Энххүслэн өрсөлдөж, 27.29 секундэд замаа туулан гарааныхаа дөрөвт эрэмбэлэгдсэн байна. Ингэснээр тэрбээр Монгол Улсынхаа рекордыг ахиуллаа. Тэрбээр 2019 оны ДАШТ-д 27.66 секундын амжилтаар улсын рекорд тогтоосон.
Тус төрөлд 81 тамирчин өрсөлдсөн бөгөөд хамгийн бага секундэд замаа туулсан 16 тамирчин хагас шигшээд өрсөлдөх учиртай. Б.Энххүслэн нь өөрийн төрөл дэх улсын дээд амжилтыг 33 удаа шинэчлэн тогтоож байжээ. Түүний хувьд УАШТ-ний 30 алт, 4 мөнгөн медалийн эзэн юм.