Иргэдийг зодож танхайрсан цагдаагийн албан хаагчдын талаар ЦЕГ-аас мэдээлэл хийлээ. ЦЕГ-ын Аюулгүй байдал, дотоод хяналт шалгалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Манлайбаатар "Өчигдөр 21.00 цагийн орчим Г.Б гэсэн твиттер хаягнаас цагдаагийн албан хаагчдын иргэдийн эрх, эрх чөлөөнд халдаж байгаа бичлэгийг цацсан. Энэ бичлэгийн дагуу ЦЕГ-ын удирдлагуудаас хойшлуулшгүй шалгах үүрэг чиглэл өгсний дагуу өнгөрсөн шөнө шалгаж тогтоолоо. Цахим хаягаар цацагдсан бичлэг дээрх үйлдэл тогтоогдож байгаа.
2019 оны хоёрдугаар сарын 25-ны өдрийн 03.01 минут Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороо, Улаанбаатар их Дэлгүүрийн хойд талд байрлах баарнаас нэр бүхий иргэд төлбөр тооцоогоо хийхгүй маргаан үүсгээд байна гэх дуудлагаар үүрэг гүйцэтгэж байсан эргүүлийн албан хаагчид очиж ажилласан. Очиж ажиллахдаа зөрчил үйлдэж, иргэний эрх, эрх чөлөөнд халдсан нь тогтоогдсон. Тухайн үедээ зодуулсан иргэд болон цагдаагийн албан хаагч нар хоорондоо ярилцаад, бүртгэлд оруулалгүй цагдаагийн байгууллагаас нуун дарагдуулсан нь өчигдөр ил болсон.
Бичлэгийн дагуу ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалтын хэлтэс ажиллаж, мөрдөн шалгаад гэмт хэргийн шинжтэй байна гэж үзээд прокурорын байгууллагын харъяаллаар АТГ-т шилжүүлэх саналтай явуулсан. Эцсийн шийдвэрийг шүүх гаргана. Мөрдөн шалгах ажиллагаа нарийвчлан явагдана.
Тухайн албан хаагчдыг өчигдрөөр ажлаас нь чөлөөлж, хуулийн байгууллагаар шалгуулахаар болсон" гэлээ.