Дэлхий нийт цар тахлын нөлөөн дор хоёр жил гаруйн нүүрийг үзлээ. Улс орнуудын хувьд бие биенээсээ суралцаж, хэрэгжүүлж буй арга хэмжээний ач холбогдлын талаар туршлага судалсаар өнөөдрийг хүрсэн.
Сүүлийн үед коронавирусийн дельта хувилбарын тархалт дэлхийн зарим улс оронд эрчимтэйгээр тархаад байгаа. Тиймээс Монгол Улсын Засгийн Газар зарим улсад суугаа Элчин сайдуудаар дамжуулан олон улс дахь коронавирусийн нөхцөл байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээллийг хүргэж байгаа юм. Одоогоор ОХУ, Япон, Энэтхэг, АНУ, Австри зэрэг улсуудад суугаа элчин сайд нар мэдээллээ хүргүүлээд байгаа ба тэдгээрийн мэдээллийг хүргэе.
ОХУ-ын Москва хот дахь Элчин сайд Д.Даваа “Орост гурав дахь давлагаа эхэлсэнийг Дельта вирустай холбон тайлбарлаж байна”
Тэрбээр, “Өнгөрсөн хугацаанд ОХУ-д зургаан сая гаруй хүн уг вирусээр өвчилсөн. ОХУ-ын эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр вакцинжуулалтын хувь 24-25 хувьд хүрсэн гэж мэдэгдээд байгаа. Одоогоор Орост гуравдугаар давлагаа эхэлсэнийг Дельта вирустай холбон тайлбарлаж байна. Үүнийг вирус судлаачид тархалт хурдан, нууц үе богино, хүндрэл нь өмнөх вирустэй төстэй, хоруу чанар нь мэдэгдэхгүй байна гэсэн дүгнэлтийг өгөөд байгаа юм” гэж мэдээллээ.
Японы Токио хот дахь Элчин сайд Д.Батжаргал “Дельта хувилбараас сэргийлэхийн тулд дэлхийн 159 оронд хилийн хориг тогтоосон”
“Япон улсад одоогоор 832.855 тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс 15 мянга гаруй хүн нас барсан. Өнөөдрийн байдлаар Япон Улс хүн амынхаа 35 хувийг вакцины эхний тунд хамруулаад байна.
159 улсад хилийн хоригийг тогтоосон. Энэ нь дельта вирусаас урьдчилан сэргийлэх гол арга хэмжээ болгож байгаа юм. Халдварын тохиолдол их байгаа Энэтхэг, Шри-Ланк зэрэг орнуудаас ирсэн иргэдийг заавал 10 хоног тусгаарлан ажиглаж, гурван удаа ПСР шинжилгээ авч байж хилээр оруулж байна. Токио хотод энэ сарын 22-ныг хүртэл онц байдал зарласан. Мөн архи согтууруулах ундааг хориглох гэх мэт арга хэмжээг авч хэрэгжүүлж байна” гэв.
Энэтхэг Улсын Шинэ Дели хотод суугаа Элчин сайд Г.Ганболд “Энэтхэг Улсад коронавирусийн дөрвөн төрлийн хувилбар бүртгэгдсэн”
“Энэтхэг Улсад коронавирусийн тархалтын улмаас 2020 оны гуравдугаар сарын 23-ны өдөр хөл хорио тогтоосон. Одоогоор 510 хоногийн турш үргэлжилж байна. Дотооддоо үйлдвэрлэж буй вакцин хүрэлцээгүй байгаа учир гаднын вакциныг татан оруулж байна. Өнөөдрийн байдлаар Энэтхэг Улсад коронавирусийн дөрвөн төрлийн хувилбар бүртгэгдсэн. Тодруулбал, альфа, гамма, бетта, дельта хувилбарууд 12 мужид бүртгэгдсэн байгаа. Халдвар авсан хүмүүст халуун бүлээн зүйл уулгах тийм ч үр нөлөөлтэй биш. Харин гаа, содатай усаар утах, ууранд нь тав орчим минут байвал илүү үр дүнтэй гэж зөвлөж байгаа. Мөн уургийн оролцоотой эмээр удаан хугацаанд эмчилгээ хийх нь мөөгөнцөр үүсгэх аюултай байна” гэж мэдээллээ.
Солонгос Улсын Сөүл хот дахь Элчин сайд Н.Эрдэнэтуяа “Дельта вирус нийт тархалтын 33.9 хувийг эзэлж байна”
БНСУ-д дөрөвдэх удаагийн давлагаа эрчимжсэн гэж мэдээллээд байгаа. Энэ нь дельта вирусийн нөлөөнөөс үүдсэн гэдгийг албан ёсоор мэдээлж, хамгийн дээд төвшний хөл хориог тогтоосон. Солонгосын УОК-ын мэдээлж буйгаар долдугаар сарын 09-22-ны хооронд шинээр батлагдсан халдварын 45.1 хувь нь өмнө нь халдвар авсан хүмүүсээс илэрсэн гэсэн. Вакцинжуулалтаа хожуу эхэлсэн. Төлөвлөгөөний дагуу вакцинжуулалтаа хийж байна. Мөн ЭЕШ-тай холбоотойгоор энэ сардаа багтаан ахлах сургуулийн сурагчдыг вакцинжуулна гэж байгаа.
Дельта хувилбар нь өнгөрсөн зургаадугаар сарын байдлаар 3.3 хувьтай байсан бол долдугаар сарын хоёр дахь долоо хоногт 33.9 хувьтай болж нэмэгдсэн байна” гэж мэдээлэл өгсөн юм.
АНУ-ын Вашингтон хотод суугаа түр хамаарагч Я.Болд-Эрдэнэ “Цар тахал нь вакцинд хамрагдаагүй иргэдэд илүү тусч байна”
Тэрбээр, “АНУ-д халдварын тохиолдол сүүлийн долоо хоногт маш эрчимтэйгээр нэмэгдэж байна. Энэ нь дельта хувилбартай ихээхэн хамааралтай байгаа. Үүнээс улбаалан төрийн байгууллагууд цахимаар ажиллаж, зарим засаг захиргааны нэгжүүд хязгаарлалтын дэглэмийг зөвлөмж болгож байна. АНУ вакцинжуулалтаа эрчимтэйгээр хийж яваа. Одоогийн байдлаар Ковид-19-ийн улмаас эмнэлэгт хэвтэж байгаа хүмүүсийн 97 хувь, нас барж байгаа хүмүүсийн 99.5 хувь нь вакцинд хамрагдаагүй байна.
Тус улсад бүртгэгдэж буй халдварын 50 хувь нь дельта хувилбар байсан бол өчигдөрийн байдлаар 83 хувь нь дельта вирус бүртгэгдсэн. Цар тахал нь вакцинд хамрагдаагүй иргэдэд илүү тусч байна гэдэг мэдээллийг өгч байна. Иймээс ард иргэдээ вакциндаа идэвхитэй хамрагдахыг уриалж байгаа” гэв.
Австри Улсын Вена хотод суугаа Элчин сайд Г.Баттунгалаг “Дельта хувилбарын тархалт 90 хувь болтлоо өсөх магадлалтай”
“Өнөөдрийн байдлаар 650 мянга гаруй хүнд халдвар илрээд байна. Одоогоор вакцины эхний тун 58.7 хувьтай, хоёр дахь тунд 47.5 хувь нь хамрагдаад байна. Энэ нь хангалтгүй байгаа учир засгийн газраас олон төрлийн арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа.
Долдугаар сарын 23-ны байдлаар өдөрт бүртгэгдэж байгаа дундаж тоо 409 болж огцом өссөн. Энэ нь дельта хувилбартай холбоотой байгаа юм. Учир нь халдварын тархалтын 60 гаруй хувь нь дельта виариант байгаа ба ахин 90 хувь болтлоо нэмэгдэх магадлалтай байгаа гэж судлаачид үзэж байна. Тиймээс энэ сарын сүүлээс эхлээд иргэд ПСР шинжилгээнд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой болж байгаа юм. Мөн дельта болон бусад хувилбар бүртгэгдсэн улс орнуудаас ирж буй иргэдэд тавих шаардлагыг нэмэгдүүлсэн” гэв.