Олимп дэлхийн 5 медальтай, Хөдөлмөрийн баатар, цагдаагийн хошууч М.Уранцэцэг хүрэл медалийн төлөө Португалийн жүдоч Катирина Коштатай барилдан ялалт байгуулж, Монголын багийн энэ удаагийн олимпын наадмын медалийн салхийг хагалсан. Түүний ээж Г.Цэрмаатай ярилцан баярын сэтгэгдлийг нь хуваалцлаа.
-Сайн байна уу. Таны охин М.Уранцэцэг Олимп дэлхийн нийт таван медальтай Монголын ганц тамирчин боллоо. Танд болон таны охинд нийт монголчуудынхаа өмнөөс халуун баяр хүргэе. Та манай уншигчидтай сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-Маш их хүсэн хүлээж, мөрөөдөж байсан медалиа авлаа. Барилдаан бүрт нь цуг барилдаж, огшиж үзлээ. Гэр бүлээрээ цуглаж барилдааныг нь үзлээ.
-Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг багадаа ямар хүүхэд байсан бэ? Хэдтэйгээсээ эхэлж барилдсан юм бол?
-14 настайгаасаа барилдаж эхэлсэн юм. Ер нь багаасаа л барилдах дуртай хүүхэд байсан. Хоёр, гуравдугаар ангийн хүүхэд л барилдана гээд ах нартайгаа ноцолддог байлаа. Эхэндээ хориглодог байлаа. Миний охин эмэгтэй хүүхэд байж битгий барилд гэдэг байсан юм. Надад дийлдэхгүй болохоор нь өөрөө цуг явж бөхийн секцэнд бүртгүүлж өгсөн. /инээв/
-М.Уранцэцэг айлын дунд хүүхэд гэж сонссон?
-Миний охин чинь дөрвөн хүүхдийн дээрээсээ гурав дахь нь. Дөрвөн хүүхдээ дөрвүүлэнг нь авъяас чадвар, эзэмшсэн мэргэжлийнх нь дагуу өсгөж хүмүүжүүлсэн гэж боддог. Хүүхдүүдээрээ бахархаж сууна. Энэ бол нөр их хөдөлмөрийн үр дүнд гаргаж байгаа амжилт юм.
-Баярын сэтгэгдлээсээ хуваалцсан танд баярлалаа. Танд болон танай гэр бүлийнхэнд эрүүл энх, аз жаргалыг хүсье.
Б.Амарбаясгалан