Суурьшлын бүсийн тэлэлттэй холбоотойгоор зэрлэг амьтдын тархац нутаг хумигдаж улмаар гэмтэж бэртэх, идэш тэжээл хайн хотруу орж ирэх тохиолдлууд сүүлийн жилүүдэд нэмэгдсээр байна.
Тэгвэл бүх нийтийн амралтын өдрүүдээр нийслэлийн Байгаль орчны газраас гэмтэж бэртсэн, идэш тэжээл хайн суурьшлын бүсэд орж ирсэн 11 удаагийн дуудлага мэдээллийг хүлээн авч, шаардлагатай арга хэмжээг авчээ.
Тухайлбал, Сүхбаатар болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үүрнээсээ төөрсөн хоёр Начин шонхорын нисгэл ангаахай, гэмтсэн нэг Хондлой цагаан ураацайг авч Зэрлэг амьтан асрах байранд асарч байгаа аж.
Мөн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрийн суурьшлын бүсэд орж ирсэн найман дэгдээхийтэй Хондон ангирыг барьж нууранд шилжүүлэн тавьжээ.
Түүнчлэн ХУД, СХД, ЧД-ийн нутаг дэвсгэрийн суурьшлын бүсэд орж ирсэн
- хоёр сарьсан багваахай,
- хоёр өмхий хүрэн,
- нэг рашааны могой,
- хоёр бамбай хоншоорт могойг тус тус барьж байгальд эргүүлэн тавьсан байна.
Анхааруулга
Улаанбаатар хот орчимд Рашааны болон Бамбай хоншоорт гэх 2 зүйлийн могой тархсан байдаг бөгөөд суурьшлын бүсэд голдуу бамбай хоншоорт буюу хортой могой орж ирж байгаа тул сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Үүнтэй холбоотой дуудлага мэдээллийг нийслэлийн Байгаль орчны газрын 323780 дугаар болон нийслэлийн Шуурхай Удирдагын Төвийн 310005 тоот утсаар өгнө үү.
Эх сурвалж: Нийслэлийн Байгаль орчны газар