Үндэсний их баяр наадмыг тохиолдуулсан 9 хоногийн амралт үргэлжилж байна. Эдгээр өдрүүдэд Улаанбаатар хотод амралтаа өнгөрүүлж буй иргэд тун ховор, ихэнх нь хөдөө орон нутгийг зорьжээ. Тодруулбал, хөдөө орон нутагт амралт, сувилал, голын эрэг бараадан амралтаа ая тухтай өнгөрүүлж байна. Харамсалтай нь, амарч зугаалчихаад тарьсан хог хаягдлаа цэвэрлээд буцахгүй, байгаль орчноо бохирдуулах асуудал гарч байгааг Экологийн цагдаагийн албанаас анхааруулж байна. Голын эрэг, эзгүй талаар дүүрэн хэрэглэсэн хоол хүнсний хаягдал, пивоны лааз, архины шил, нойлын цаас, салфетка хөглөрч байна.
Цар тахлын хүнд үе, халдварын тохиолдол өндөр байгаа энэ цагт Засгийн газраас өндөр эрсдэл гаргаж, иргэдийнхээ дархлааг нь дэмжихийн тулд хөдөө орон нутгийн замд хөл хорио тогтоогоогүй. Гэтэл иргэд халдвар хамгааллын дэглэмээ сахихгүй, хөдөө орон нутгаа хог хаягдлаар булж байгаа нь дэндүү харамсалтай. Ядаж л цар тахлын хүнд цаг үед хэрэглэсэн зүйлсийн чинь хог хаягдлаас өвчин, халдвар тархахгүй гэх баталгаа байхгүй. Амарсан, аяласан, зугаалсан бол ядаж л өөрсдийнхөө хэрэглэсэн хогоо аваад, цэвэрлээд хамгийн ойр таарах хогийн цэгт хаяж хэвшицгээе. Магадгүй хогоо цэвэрлээд уутлаад үлдээж байгаа байх. Гэвч түүнийг нь нохой, шувуу урж тасдаад, тараагаад улам замбараагүй байдал үүсгэдэг тул ууталсан хогоо ч аваад хогийн цэгт нь үлдээж сурцгаая. Энэ нь наад захын соёл бөгөөд ядаж л үр хүүхдүүддээ зөв үлгэр дуурайлал үзүүлэх эхний алхам гэдгийг санаарай.
Эх оронч байна гэдэг нь эх орон гэж цээжээ дэлдэхийг хэлэхгүй. Энэ мэт үйлдлээс тань эх оронч сэтгэлгээ харагддаг юм шүү.
Эх дэлхийгээ ХАЙРЛАЦГААЯ.