АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Израилын шинэ Ерөнхий сайд Нафтали Беннеттэд баяр хүргэн, түүнтэй хамтран ажиллахад баяртай байгаагаа илэрхийлэв.
Цагаан ордны мэдээлснээр, Ж.Байден Н.Беннеттэй ням гарагт утсаар ярьж, талууд бүс нутгийн аюулгүй байдалтай холбоотой асуудлуудын талаар нягт зөвлөлдөхөөр тохиролцсон байна.
“Мөн Ерөнхийлөгч АНУ-ын засаг захиргаа израил, палестинчуудын энх тайван, аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтийн төлөө хүчин чармайлт гаргах чиглэлд Израилын Засгийн газартай нягт хамтран ажиллахаар эрмэлзэж буйг илэрхийлсэн” хэмээн Цагаан ордны мэдэгдэлд дурджээ.
Н.Беннеттийн ажлын албанаас мэдээлснээр, хоёр орны удирдагчид Израил, АНУ-ын эвслийн ач холбогдлыг онцлон тэмдэглээд, хоёр орны харилцааг бэхжүүлэх, Израилд аюулгүй байдлыг хадгалах үүрэг амлалтыг дахин нотолсон байна. Мөн Н.Беннетт саяхан Газын зурваст явуулсан ажиллагааны үеэр Израилыг дэмжсэнд талархал илэрхийлжээ.