Шинэ Ерөнхийлөгч ирэх долоо хоногт тангаргаа өргөж, зургаан жилийн бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлнэ. Ардын намынхан 16 жилийн дараа Ерөнхийлөгчийн институтыг дахин гартаа авч гадаад харилцаа, хүний эрх, шүүх эрх мэдлийг “гартаа” авна.
Тэгвэл шинэ Ерөнхийлөгчийн баг ямар байх вэ, хэнийг хаана томилох. Цаашлаад зөвлөхүүдээрээ хэнийг авч ажиллуулах талаар таамаг улс төрийн хүрээнийхний анхаарлыг татаад эхэллээ. Өчигдөр мэдээлснээр Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар Шадар сайд асан Я.Содбаатар томилогдох бол У.Хүрэлсүхийн ойрын хүмүүсийн нэг болох Ж.Энхбаярыг томилгооны талаар эх сурвалжууд зарим таамгийг дэвшүүлж эхэллээ.
Ж.Энхбаяр өөрөө Ерөнхийлөгчийн тамгын газрын даргад явах сонирхолтой байгаа аж. Харин өөр тохироо явсан тул түүнийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга буюу одоогоор А.Гансүхийн хашиж буй албыг түүнд санал болгосон гэнэ. Хэрвээ УИХ-ын гишүүн, сайд байсан хүнд хэт “жижиг” албан тушаал байна гэж үзвэл Ерөнхийлөгчийн эрхлэх асуудлын хүрээнд багтдаг Батлан хамгаалах салбар руу түүнийг илгээх гэнэ. Өөрөөр хэлбэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний Засгийн газар энэ намар ямар нэгэн байдлаар “хөдөлгөөнд” орно. Харин сонгуулийн үр дүнгээс хамаарах нь тодорхой болсон засгийн “хөдөлгөөн” том байх уу, эсвэл шинэ бүтцийнхээ хажуугаар ганц нэг сайдуудаа сугалах уу гэдгийг ярилцаж байгаа гэнэ. Хэрвээ Засгийн газар өөрчлөлтөд орвол Ж.Энхбаярыг Батлан хамгаалахын сайдаар, одоогийн сайдыг Г.Сайханбаярыг Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар томилж магадгүй аж.
Эсвэл засагт ямар нэгэн доргио үүсэхгүй Ж.Энхбаярыг Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй У.Хүрэлсүх бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн даруйдаа өөрийн шууд санал болгож УИХ-аар томилуулдаг Зэвсэгт хүчний жанжин штаб руу явуулж магадгүй аж.