Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхийлөгч Х.Баттулга У.Хүрэлсүхэд тал засч, нөхөн сонгуулиар улс төрд буцаж ирэх хүслээ илчлэв

Ангилал
Улс төр
Огноо
Унших
8 минут 46 секунд

Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Монгол төрийн тэргүүний хувиар сүүлийн ярилцлагаа өглөө. Түүний ярианд онцлох хоёр мессеж агуулагдаж байна. Нэгдүгээрт, У.Хүрэлсүхийг ил цагаан дэмжиж, тал засав. Хоёрдугаарт ийнхүү тал засаж байгаа нь бүрэн эрхээ дуусмагц У.Хүрэлсүхтэй тохироо хийж улс төрөө үргэлжлүүлэх хүсэлтэй нь холбоотой гэж уншигдаж байв. Өөрөөр хэлбэл тэр улс төрөөс явах болоогүй идэвхтэй хэвээрээ байна гэдгээ илэрхийллээ. Х.Баттулгын У.Хүрэлсүхэд хандарсан явдал зөвхөн үүгээр дуусахгүй болохыг дор сийрүүлэн хүргэж байна.

Ерөнхийлөгч Х.Баттулга У.Хүрэлсүхийг дэмжихээс илүүтэй тал засав

Ерөнхийлөгч Х.Баттулгын ярилцлага У.Хүрэлсүхийг дэмжиж байгаа нь дурын хүнд ч уншигдахаар байлаа. Гэхдээ энэ нь У.Хүрэлсүхийг дэмжих гэж дэмжсэн хэрэг огт биш. Улс төрийн салхи өөрийнх нь эсрэг сэвэлзэхдээ зэрэгцэн талж засаж, нүхээ малтахаас өөр аргагүй болсных. Учир нь энэ удаагийн сонгуульд эрх барьж буй МАН-ын тактик, ХҮН-ын хийж буй туршлагаггүй, дутуу пиар, намын бүтэн дэмжлэггүй С.Эрдэнээ зэргээс хамаарч Ерөнхийлөгч аль илүү магадлалтай хүнд л "бооцоогоо" тавьж буй юм. Хүний өөрийн нам хамаарахгүй хамаг гол “эсэргүүнүүдээ” буулгаж түүнийг олон хүн чичилж эхэлсэн. Эрх мэдлээсээ холдсон Х.Баттулгыг сонгуулийн дараа Ардын нам хайрлах уу, хазах уу? гэдэг сонирхолтой бөгөөд хоржоонтой асуулт улс төрийн хүрээнийхэн дунд бий.

Тиймээс Х.Баттулга “Уулзах, эвлэрэх орон зай У.Хүрэлсүх бид хоёрт байгаа” хэмээн түрүүлж тал засч байгаа юм. Өнгөрсөн хугацаанд салхитын ордыг буцааж авсан, тэтгэврийн зээл тэглэсэн, 60 тэрбумын эсрэг шударга ёсны тэмцэлд У.Хүрэлсүх тусалсан хэмээн онцолж түүнийг “шидээд” амжлаа. Ялангуяа У.Хүрэлсүхийг “Уул уурхайтай холбогдоогүй, гар дүрээгүй” гэдэг давуу талыг нь сонгож аваад онцгойлон магтсан нь “Баялагтаа эзэн Монгол” гэдэг уриаг нь тодруулаад өглөө. Өөрийг нь буруутгаад Ерөнхий сайдаа өгсөн үйлдлийг нь хүртэл “эргэн тойрны хүмүүсийн явуулгад орсон байх” хэмээн эерүүлж тайлбарлав. Үүнийгээ улс төрийн үргээлэг гэж нэрийдэв.

Тэр зөвхөн энэ ярилцлагаар У.Хүрэлсүхийг дэмжээд байгаа юм биш. Маш олон үйлдэл, эс үйлдлээрээ У.Хүрэлсүхэд тал зассаар байна. Тухайлбал сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш Х.Баттулгын талынхан У.Хүрэлсүхийн эсрэг бараг хуруугаа ч хөдөлгөөгүй. Х.Баттулга бол сошиал сүлжээ, хэвлэл мэдээллийг базсан маш том баг, технологитой улс төрч. Түүнтэй энэ талбарт барилдсан бүхэн нүүрээрээ шавартай хутгалддаг. Харин энэ удаад түүний зүгээс ямар ч дайралт, элдэв баримтат кино хийгдсэнгүй. Харин ч "Херо" Б.Баатар нь хүртэл "У.Хүрэлсүхийг энэ сонгуулиар дэмжиж байгаа" гэсэн яриа өгөв. Хэрвээ Х.Баттулга үнэхээр У.Хүрэлсүхэд юм санасан бол хэмх нүдээд өгөх “100 сэдэв” нь бэлэн бий. Магадгүй У.Хүрэлсүх Хэнтийд төрсөн Хятад ч болчихсон тууж явахыг үгүйсгэх аргагүй.

Хэрвээ… Хэрвээсээд байх юмгүй У.Хүрэлсүхийг балбасаар байтал мөнөөх нь Ерөнхийлөгчөөр сонгогдчихвол аль ч талаасаа “хамгаалалт” шаардлагатай байгаа Х.Баттулга хүнд байдалд орно. Муудалцсан хэвээрээ байлдаж азаа үзэх үү, эсвэл нүхээ малтаж эргэж уулзах зай гаргах уу? Гэдгээс тэр зөв сонголтоо хийж чадлаа.

Х.Баттулга Ерөнхийлөгчөөс буусан ч буцах зам нь хурдан

Тэр өмнөх Ерөнхийлөгч нараас хамгийн хурднаар улс төрд come back хийхээр зорьж байна. Аль болох хурдан шинэ улс төрөө эхлүүлэхгүй бол олон аюул түүнийг бүчээд байгаа. Эртнээсээ хууль хүчний байгууллагын хуучин танил түүн дээр Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааны шинэ асуудлууд нэмэгдэж “хавтаст хэрэг” ч овоо зузаарсан гэх мэдээлэл бий. Үнэн бодитой эсвэл өрсөлдөгч нарынх нь захиалга яг аль нь болохыг дараа дараагийн үйл явдал харуулах биз.

Х.Баттулга У.Хүрэлсүхээр “виз” даруулж байж дараагийн улс төрөө эхлүүлж чадна. Тийм болохоор түүний хувьд тулалдах сонирхолгүй хүн нь У.Хүрэлсүх болоод байгаа юм. Хэрвээ У.Хүрэлсүхтэй ноцолдоод эхэлбэл хожих магадлал багатай. Ерөнхийлөгч хүнийг яаж чангалж болохыг яруу тодоор харуулсан тэрбээр өөрөө тэр боолтоороо орох сонирхолгүй нь мэдээж. Захын жишээ л гэхэд Ц.Элбэгдорж буусан цагаасаа хойш хуулийн байгууллагад “данстай” явсаар ирлээ. Улс төрдөө ч орж чадахгүй “уяагаа эргэсэн хурдан морь” шиг АН-ынхаа ойр хавиар бүтэн 4 жил тэр дэмий л эргэлээ. Н.Энхбаяр ч мөн адил зам туулсан.

Х.Баттулга 60 минутын ярилцлага дунд гурван удаа улс төрөө үргэлжлүүлнэ гэж мэдэгдэв. Эхнийх нь “Монгол ялсан уу” гэх асуултад “Монгол ялна” хэмээн 4 жилийн өмнөх уриагаа давтав. Хоёрдугаарт, өнгөрсөн хугацааг шударга бус, нам дамнасан баялгийн шуналтнуудыг олж илрүүлсэн дөрвөн жил байлаа гэж дүгнэв. Таныхаар бол одоо яах вэ. Мэдээж тэр ил болсон муу муухайг “цэвэрлэх” шаардлага гарна. Х.Баттулга илрүүлсэн хүн нь юм болохоор эхэлсэн ажлаа дуусгах амбиц тавьж пиардана. Гуравдугаарт “Таны улс төрийн карьер үргэлжлэх үү, төгсөх үү” гэх асуултад Ерөнхийлөгч “Хэн ч мэдэхгүй. Амьдрал баян…” гэсэн жижүүрийн хариулт өгөв. Түүнийг Ерөнхийлөгчид дахин дэвшүүлэхгүй байх Ардын намын аткасыг хүлцэнгүй хүлээн авч, 2024 онд намаа “авч” сонгуульд оролцоод Ерөнхий сайдын дүрээр эргэн ирэх хүсэлтэй байгаа тухай бид өмнө мэдээлж байсан.. Энд дарж уг нийтлэлийг уншаарай.

Х.Баттулга нөхөн сонгуульд Э.Батшугар хүүтэй тулж далаар нь тавихаа мэдэж байгаа

За, тэр улстөрд эргэн ирэх юм бол хэзээ, яаж гэдэг асуулт бидний өмнө гарч ирнэ. Эх сурвалжийн онцолж буйгаар Х.Баттулга сонгуулийн дараах улс төрөө хоёр хэсэгтэй өрнүүлэх магадлалтай байгаа аж. Эхнийх нь Ардчилсан намаа авч 2024 оны сонгуульд оролцож ялах, Ерөнхий сайд болох. Удаах нь удахгүй болох Сонгинохайрхан дүүргийн УИХ-ын нөхөн сонгуульд Д.Сумъяабазарын орыг авахаар нэр дэвших. Эхнийх даваагаа давахад АН-ын зүгээс маш их хэл ам гарах нь ойлгомжтой. Тийм ч амар хүслээр нь шийдэгдэхгүй. Тиймээс намар явуулах тохироотой байгаа нөхөн сонгуульд МАН-аас нэр дэвших Э.Батшугартай өрсөлдөөд "далаар нь тавьж" УИХ-д дахин сууж, бүрэн эрхийн хамгаалалттай болох хувилбараа арай илүүд үзнэ. Намаа авахад ч, нөхөн сонгуульд нэр дэвшихэд ч У.Хүрэлсүх болон МАН-ын "таалалгүйгээр" бүтэхгүй. Учир нь эрх баригчид маш хүчтэй бүхнийг шийдэж чадаж байна. Н.Алтанхуягийг аюул тарьж мэднэ гэж үзээд буландуулж чадсан юм чинь УИХ-ын сонгууль мэтийн жижиг асуудал бол ёстой гарын дохиураар нь шийдэгдэнэ.Тиймээс нөхөн сонгуулиар хэн УИХ-ын гишүүн болохыг У.Хүрэлсүх шийднэ гэхэд хилсдэхгүй болов уу. Харин У.Хүрэлсүхийн хувьд Н.Энхбаярт өгсөн амлалтын дагуу хүүг нь нэр дэвшүүлэх боловч Х.Баттулгатайгаа тохироо гүйлгэж Э.Батшугарыг "барын аманд" тавьж өгөх бололтой.

Г.Лхагвадорж

Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хурал өнөөдөр болно
Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хурал өнөөдөр болно
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт өдөртөө -2 хэмийн хүйтэн. Цастай
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт өдөртөө -2 хэмийн хүйтэн. Цастай
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.