УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “сонголтгүй сонгууль, цагаан сонголт хийе” гэж ард иргэдийг уриалж, хөдөлгөөн өрнүүлж эхэлсэн. Энэ асуудлаар АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн Д.Мөнх-Эрдэнэ байр сууриа илэрхийлж хэвлэлийн бага хурал хийлээ.
Тэрээр, АН-ын нэр дээр төрийн сайд, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч хийж байгаа хүмүүс биечилж болон биет бусаар цагаан сонголт хийхийг уриалж байгааг миний бие буруушааж байна.
АН-ын буянаар 2012 оноос хойш олон жил намын даргаар ажиллаж, Монгол Улсын Ерөнхий сайд хийж байсан Н.Алтанхуяг иргэдийг цагаан сонголтод уриалж байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн зардал 20 гаруй тэрбум төгрөгөөс бүтэж байгаа. Эдийн засгийн хямралтай, төсөв хүнд байгаа цаг үед энэ мөнгөөр хэдэн сургууль, хэдэн эмнэлэг барьж болох вэ. Н.Алтанхуяг нэр дэвшээгүй болохоороо цагаан сонгуульд уриалдаг байж болох уу. Би биш бол хэн ч биш гэсэн утгатай юм ярьж байна.
Манай намын хагарал ах нараас үүдэлтэйг Та бүхэн сайн мэдэж байгаа. Нэг талдаа Н.Алтанхуяг, Ерөнхийлөгч Х.Баттулга нар, нөгөө талд албан ёсны намын удирдлагууд гээд хоёр хагарчихсан. Н.Алтанхуяг намын нэр дээр Сангийн сайд, Хөдөө аж ахуйн сайд, Шадар сайд, Ерөнхий сайдын албан тушаалыг хашсан хүн. Намын жагсаалтаар буйдан дээр сууж байгаад гишүүн хүртэл болж байсан. Намын даргын сунгаанд 2017 одоогийн даргатай өрсөлдөж, ялагдсан ч үе бий. 2016 оноос хойш дөрвөн жил өөрийгөө тойрон хүрээлсэн троллуудаар нам руугаа нохой мэт хуцуулсан. Би баримттай юм ярина. П.Галиндэв мэтийн нөхдүүдтэй нийлж, нам руугаа ноцсон. Сая талбай дээр Н.Алтанхуяг өлсгөлөн зарлахад П.Галиндэв ч бас даргынхаа төлөө өлссөн. П.Галиндэвийг Баянголд бие даалгасан. Ингэж л намаа хорлосон. Баахан Галиндэв мэтийн нөхдүүдийг бие даалгаж нам ялагдах суурийг тавьж, өөрөө Орхон аймгаас бие даасан.
УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшсэн хүмүүсийн нэрсийн жагсаалтаас харахад Х.Баттулга, Н.Алтанхуяг нарын хамаарал бүхий 50 гаруй хүн нэр дэвшсэн байна. Ялагдлыг одоогийн нэр дэвшигчид тохож буруутгасан. Тиймээс нэг зүйлийг уриалмаар байна. Түгжлүүдийн санаархаад байгаа цагаан сонголт гэдэгт автагдахгүйгээр сонгуульдаа идэвхтэй оролцохыг иргэдээсээ хүсье.
Сонголтгүй сонгууль, цагаан сонголт хийе гэж уриалж байгаад өөрөө нэр дэвших гээд байгаа юм уу. Цагаан сонгууль болсон ч Н.Алтанхуяг нэр дэвших ямар ч боломжгүй. Намаа хүнд үед нь хаяж явчихаад гэнэт өөрийнх нь эрх ашиг яригдахаар гараад ирж болохгүй шүү дээ. Ерөнхийлөгч Х.Баттулга бүх ажлыг далдуур хийж байгаа, ард нь бий. Сүүлийн үед “АН-ынхан ХҮН нам руу саналаа өг, танай намын нэр дэвшигч бүтэхгүй гэсэн” мессэжийг иргэдэд өгч эхэлсэн байна. ХҮН намаас нэр дэвшигч Д.Энхбатын талаар товчхон мэдээлэл өгье.
Гялгар, гялтгар сэхээтэнгийн дүрд тоглосон, жирийн иргэдийн борог амьдралыг мэдэхгүй хүмүүс Монголд олон бий. Тэдний нэг нь Д.Энхбат. 2008 оны долдугаар сарын 1-ний зохион байгуулагчдын нэг. Таван сайхан залуугийн амь насаар тэр жагсаал дууссан. Д.Энхбат замын дундаас зугатаасан хүн ш дээ. Ингэж л улс төр хийдэг хүн. Энэ хүн өнөөг хүртэл таван нам дамжсан байна. Өнөөдөр нэг хүний дарангуйлалд орох нь гэж ярьж байна. Нэг хүний дарангуйлалд орохгүй байхын тулд АН-аас нэр дэвшигчийг гаргаж Үндсэн хуулиа мануулах хэрэгтэй байна” гэлээ.