“Энхсаран” сувилалд тусгаарлагдаж байхдаа тусгаарлалтын нөхцөл байдлыг өөрийн цахим хуудсаараа лайв хийж мэдээлсэн иргэн Д.Мөнхбатад цагдаагийн байгууллагаас Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу /Гамшгаас хамгаалах хууль зөрчих/ 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох арга хэмжээ авсан байдаг.
Улмаар иргэн Д.Мөнхбат эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудсыг зөвшөөрөхгүй Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасныг шүүх өнөөдөр хэлэлцэж, түүнд оногдуулсан 500.000 төгрөгөөр торгосон шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Учир нь Д.Мөнхбатыг Үндсэн хуулиар олгогдсон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх болон хэвлэн нийтлэх эрхээ эдэлсэн төдийгүй Солонгос улсаас эрүүл ирээд Энхсаран сувилалд 21 хоногт тусгаарлалтад байх явцдаа короновирус / ковид19/ өвчнөөр өвчилж хохирсон тухайгаа өөрийн цахим хуудсаар нийтэд мэдээлэл тавьсаныг хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй гэж шүүх үзсэн байна.
Харин цагдаагийн байгууллагаас иргэн Д.Мөнхбатыг лайв хийсэн үйлдэлд нь Зөрчлийн хэрэг нээгээгүй "Энхсаран" сувилалд тусгаарлагдаж байхдаа халдвар хамгааллын дэглэм зөрчиж, иргэдийг өдөөн турхирч эмх замбараагүй байдал үүсгэсэн учир яллагдагчаар татсан гэж мэдээлж байсан билээ.