ЭМЯ-ны мэдээллийн үеэр ЭМЯ-ны Ахлах шинжээч Д.Нарангэрэл вакцины тухай дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Тэрбээр, “Вакцин бол халдварт өвчнөөс сэргийлэх хамгийн үр дүнтэй арга. Ковид 19 шиг олон хүн хамарсан удаан үргэлжилж буй цар тахал дэлхийд анх удаа бүртгэгдлээ. Техник технологийн ололт амжилтаар энэхүү өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг жилийн хугацаанд бүтээсэн. Манай улсын хувьд ДЭМБ-ын яаралтай горимоор бүртгэн авсан Веросел вакциныг дархлаажуулалтанд ашиглаж байгаа. Энэхүү цар тахлын эсрэг вакцин нь хүндрэл, нас баралтаас сэргийлэх, тархалт бууруулах онцлог нөлөөтэй.
Вакцины талаар сөрөг мэдээлэл вакцин анх үүссэн цагаас гарч эхэлсэн. Аливаа зүйл 100 хувь хүнийг хамгаалдаггүй. Вакцин бол биологийн бүтээгдэхүүн тул урвалд орох нөхцөл байдал ажиглагддаг. Энэ нь хэвийн үзэгдэл юм. Вакцин хийлгэсэн өдрөөс шууд таны биед дархлаа тогтоно гэж ойлгож болохгүй. ЭМЯ-наас бүрэн тунд хамрагдсан ч 14 хоног гам барих ёстой гэж үзэж байгаа. Харин судалгаагаар 21-28 хоногт илүү сайн дархлаа тогтож, цааш өснө гэж үздэг. Энэ хугацаанд халдвар хамгааллын дүрмүүдийг зайлшгүй биелүүлэх ёстой.
БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн вакцин бол идэвхгүйжүүлсэн вакцин. Иймд хоруу нөлөө илэрч, биед сөрөг нөлөө үзүүлэх нь бага. Хавдаж улайх зэрэг энгийн вакцин хийлгэхэд илрэх шинж тэмдэг багатай. Харин вакцинтай хавсарсан эмгэг гарах тохиолдол байна. Зүрхний өвчин, даралт ихтэй хүмүүс вакцин хийлгэсний дараа нөлөө үзүүлэх явдал байгаа. Иймд дархлаажуулалтанд хамрагдахад эмчид өөрийн биеийн байдлыг үнэнээр хэлэх нь чухал. Вакцин хийлгэсэн өдрөөс хойш 3-4 хоногт унтаж амрах, шингэн зүйл сайн уух, сошиал медиагаас холдох зэргээр өөрийгөө тордох ёстой. Ямар ч вакциныг өвчний хурц үе болон архаг хууч өвчин сэдэрсэн үед хийлгэж болохгүй. Иймд биеийн байдлаа сайн шалгуулж, хууч өвчин намдсан цагт эмчтэй зөвлөлдөж тариулах нь зүйтэй” гэлээ.