Коронавируст халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор олны танил эрхмүүд, ААН, байгууллагууд, иргэд хандив тусламжийг УОК болон ЭМЯ-нд хүргэсээр байна. Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан салбарынхандаа хандаж Улсын Онцгой комисст нэг өдрийн цалингаа хандивлах уриалга гаргажээ.
Тус уриалгад салбарын 13 байгууллага нэгдэж, ажилтнуудын нэг өдрийн цалин болох 22,4 сая төгрөгийг хандивлажээ.
Хандивыг өчигдөр /2020.03.03/ Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшинд Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Баярсайхан, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү, Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа нар гардуулан өглөө.
Мөн энэ үеэр шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхэд шаардлагатай арга хэмжээг авч цаг наргүй ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагуудад талархал илэрхийлэхийн сацуу барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг 80 гаруй мянган ажиллагсадтай найман мянга орчим аж ахуйн нэгж, байгууллага уриалгыг дэмжиж энэхүү аянд нэгдэхээр болсныг Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн онцоллоо.
Эх сурвалж: Барилга, хот байгуулалтын яам