Энэ лхагва гарагт С.Баярцогт нарт холбогдох 470 хавтаст хэргийг шүүгч Б.Батцэрэнгийн илтгэснээр хэлэлцэхээр боллоо. Түүнтэй хамт ял шийтгүүлсэн Татварын болон ТЕГ-ын дарга асан Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Б.Бадрал, Д.Ганболд болон тэдний өмгөөлөгч нарын гомдол, хяналтын прокурорын бичсэн эсэргүүцлийн үндэслэн хэлэлцэхээр болсон ч цар тахлын сэжигтэй тохиолдол илэрсэн тул хойшлуулсан юм.
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс С.Баярцогтыг Засгийн газрын гишүүн, Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх Ажлын хэсгийн орлогчоор томилогдон ажиллахдаа албан тушаалын байдлаа урвуулан, албаны чиг үүргийн дагуу олж авсан мэдээллээ хувийн ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгод ашиглан улсад хүнд хор уршиг учруулсан гэж үзэн арван жил хорих ял оноосныг 4,8 жилийн хорих ял болгож, Б.Бямбасайхан, Д.Ганболд нарт дөрвөн жил хорих ял оноосныг 1.3 жил, Б.Ариунсан, Б.Бадрал нарт 1.6 жил хорих ял оноосон байсныг нэг жил болгон өөрчлөх шийдвэрийг давж заалдах шатны шүүх гаргажээ.