Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар 2006 онд үйлдвэрлэгдсэн 20,000-тын дэвсгэртүүдийг 2020 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн гүйлгээнээс татахаар боллоо.
Иймээс 2020 оны гуравдугаар сарын 1-нээс эхлэн уг дэвсгэртээр төлбөр тооцоо хийхийг зогсоож буй бөгөөд иргэд уг дэвсгэртийг 2022 оны гуравдугаар сарын 1-ний өдөр хүртэл хоёр жилийн хугацаанд банкуудад болон Монголбанкинд хандан шинэ дэвсгэртээр чөлөөтэй солиулж болно.
Монголбанкнаас шинэчлэн гаргасан 50, 20000 төгрөгийн дэвсгэртүүдэд орчин үеийн технологи бүхий хамгаалалтын шинэ элементүүдийг оруулжээ.
Шинэчилсэн хамгаалалтын элементүүд нь иргэд энгийн нүдээр хараад хуурамч дэвсгэртээс төвөггүй ялгаж, таних боломжтой байх бөгөөд 3 хэмжээст, микро оптик, хөдөлгөөнт гадаргуутай тууз болон 3 хэмжээст өнгө нь хувирагч элемент, харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан товгор таних тэмдэг зэргийг дурдаж болно. Шинэ 20,000 төгрөгийн дэвсгэрт нь түүхэн болон үндэсний уламжлалт хэв маягийг хамгийн сүүлийн үеийн технологитой төгс хослуулснаараа онцлог аж.
Шинэчлэн сайжруулсан 50-т болон 20000 төгрөгийн мөнгөн дэвсгэртүүдийг хоёрдугаар сарын 10-наас эхлэн банкуудад гаргаж, банкууд харилцагчдадаа олгох замаар гүйлгээнд гаргасан байна.