Мэргэжлийн сүмо бөхийн Хаврын тэмцээний үеэр буюу өнгөрсөн гуравдугаар сарын 28-нд барилдаж байгаад унаж, хүнд гэмтсэн санданмэ зиндааны сүмоч Хибикирюү өчигдөр нас баржээ. Тухайн үед тэрээр ухаан алдан унаад дэвжээн дээр зургаан минут гаруй хэвтсэн ч яаралтай тусламж үзүүлээгүй гэнэ. Мөн түүнийг ухаангүй хэвтэж байхад нь ялсан бөх дэргэд нь ёслолоо хийж байсан олны эгдүүцлийг хүргэжээ.
Түүнийг унаад нэг минут хөдөлгөөнгүй хэвтсэн хойно нь гурван засуул түүнийг дээш харуулсан бөгөөд гурван минут өнгөрсний дараа эмч ирж, үзлэг хийгээд Хибикирюү толгойгоо хүчтэй цохиж, ухаан алдсаныг тогтоож байжээ. Хибикирюү эмнэлэгт хэвтээд бүтэн нэг сар үхэлтэй тэмцсэний эцэст 28 настайдаа ийнхүү нас баржээ. Эмнэлэгт хэвтэх үедээ түүний биеийн доод хэсэг нь мэдээгүй болсон байсан нь мэдрэлийн судас дарагдаж, амиа алдахад нөлөөлсөн байж болзошгүй гэж үзэж байгаа юм.