2020 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Энхболд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррест итгэмжлэх захидлаа гардуулж, Монгол Улс, НҮБ-ын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Байнгын төлөөлөгч В.Энхболд Монгол Улсын Засгийн газар НҮБ-тай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд чухал ач холбогдол өгч, НҮБ-аас манай улсын нийгэм, эдийн засаг, хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд тууштай дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийллээ. Мөн тэрээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хэрэгжүүлж буй НҮБ-ын шинэчлэлийн хөтөлбөрийг бүрэн дэмжиж байна гэв.
Байнгын төлөөлөгч В.Энхболд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд Ч.Хүрэлсүх, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нарын мэндчилгээг уламжилж, манай улсад айлчлахыг хүссэн урилгыг дахин нотлов.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес Монгол Улс ардчилсан замаар тууштай явж, Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг хэрэгжүүлэн, НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулж, Зүүн хойд Азийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд хүч чармайлт тавин, НҮБ-тай идэвхтэй хамтран ажиллаж ирснийг цохон дурдлаа.
В.Энхболд нь Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суух 16 дахь Байнгын төлөөлөгчөөр ажиллах юм.