Монгол цэргийн холбоо гэх ТББ өчигдөр орой "МАН-ын дарга У.Хүрэлсүхийг тус холбооныхоо удирдлагад одоо ажилладаггүй" гэж мэдэгдээд МАН-ыг тараана гэдэг концертын эрчийг буруулаад хаячихлаа. Уг өнгө өнгийн дэмжигчид нь цэрэгжсэн МАН-ыг тараая, дайръя, байлдъя гээд сошиалд бол их л сүртэй байсан юмсан.
МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн санаа "тарчихсан" уу, "тарах ёстой байсан уу
Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвших эрхийг нь Цэц дээр "хазаарласан"-д дургүйцэж өнгөрсөн даваа гарагт МАН-ыг тараах захирамж гаргаж дээд шүүхэд хүргүүлсэн. Үүнийг нь сонссон МАН-ыг үзэн яддаг болон ардчилал нь дэндээд анархизм руугаа нэлээн ойртож яваа нөхдүүдийн цээжний диксог ойрд савчаагүйгээр нь савчуулав. Гэвч жүжиг ингээд л дуусчихлаа ямар харамсалтай юм бэ.
Ерөнхийлөгчийн долоо, найман үндэслэл бүхий МАН-ыг тараах захирамжийн хамгийн гол үндэслэл нь "МАН цэрэгжсэн нам боллоо" гэдэг байв. У.Хүрэлсүх энэ цэрэгжсэн намын бүтцийг зохиогоод өөрөө тэргүүлээд аймгуудын удирдлагуудыг татан оруулаад байна гэх ньюанс нийгмийг талцуулав. Уг нь үнэн л дээ. Төрийн бус байгууллага байгуулж, үзэл санаагаараа эвлэлдэн нэгдэх нь нээлттэй ч, Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх орон нутгийн төрийн захиргааны дарга нарыг холбоондоо татан оруулсан нь буруу байв. Тиймээс зэвсэгт хүчний ерөнхий командлагч энэ асуудлыг гарган тавьж буй нь зөв. Харамсалтай гаргаж тавих л үедээ биш, үүрэг роль нь өөрчлөгдөөд ач холбогдолгүй болчихсон үед гаргаад ирлээ. Харин нэг намыг татан буулга гэсэн захирамж гаргаад шүүх рүү "илгээж" буй нь хуульд нийцэхгүй. Хуулиар бол намыг татан буулгахдаа тухай намын эрх барих дээд байгууллага шийднэ. Эсвэл "цэргийн болон цэрэгжсэн" үйл ажиллагаа явуулсан ба бусад хориглосон зүйлийг зөрчсөн бол намыг тарааж, татан буулгана. Ингэхдээ зөвхөн шүүх л дангаараа энэ ажлыг хийнэ. Хэн нэгэн албан тушаалтны захирамж, тушаалаар биш юм.
За, ингээд Ерөнхийлөгчийн гаргасан захирамжийн агуулга нь зөв байж болох ч арга буруудаад байв. Гэтэл одоо бүр тараах гол цөм нь "тарчих" шиг боллоо. Нэгэнт У.Хүрэлсүх 2020 оны 7 дугаар сарын 1-нээс энэ байгууллагынхаа үйл ажиллагаанд оролцохгүй, дарга цэрэг нь биш болсон бол чи байгуулсан гэж араас нь мянга цамнаад яалтай билээ. Захирамжийг эргээд харахад "ковидыг улс төрд ашигласан" гэхээс өөр улс төр бараг л үлдсэнгүй. Цэцэд нөлөөлсөн гэдгийг баримтаар нотолж чадахгүй байх. Засгийн газраа тараах нь тэртээ тэргүй Ерөнхий сайдын бүрэн эрх. Ерөнхийлөгч маань дахиад л "хад мөргөж", МАН-ыг тараах санаа нь үлгэр болж байх шиг.
Ардын нам цэрэгжсэн юм бол Ерөнхийлөгч яагаад болиулсангүй вэ
Тэгвэл МАН-ыг тараах нь үлгэрийг Ерөнхийлөгч Х.Баттулга, МАН-ын дарга У.Хүрэлсүх хэн хэн нь мэдэж, тооцож байсан бол яах уу. Өөрөөр хэлбэл, энэ холбоог байгуулах үйл явцыг Ерөнхийлөгч анхны хурлаас нь эхлээд л мэддэг, бас дэмжиж байсан. 2019 оны 4-р сарын 4-нд Төрийн ордонд анхны чуулганаа зохиоход Ерөнхийлөгч “...Монгол цэргийн нэгдсэн холбоо” төрийн бус байгууллагыг байгуулан Анхдугаар хурлаа зохион байгуулж байгаад баяр хүргэж, хурлын үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье..." гэдэг илгээлтээ ТГ-ын дарга З.Энхболдоороо уншуулж байв. Тэгвэл нөгөө талд нь анх байгуулагдсан цагаасаа хойш бүтэц нь "асуудалтай" болж байхад Ерөнхийлөгч яагаад огт дуугарсангүй вэ гэх асуулт гарч ирнэ. Эс үйлдэл хийнэ гэдэг бол хүлээн зөвшөөрсний нэг хэлбэр бус уу. Уг нь цэрэг, цагдаатай холбоотой иймэрхүү ноцтой үр дүн авч ирж болохуйц асуудлын талаар Ерөнхийлөгчид өдөр бүр л элдэв мэдээллийн дүн, анализ очдог л баймаар. Үгүй юм болов уу. Цэвэр судалгаа шинжилгээнд анхаарлаа хандуулдаг ҮАБЗ болон Ерөнхийлөгчийн Тамгын газар нь ажлаа хийдэггүй юм уу.
Мөн Ерөнхийлөгч энэ асуудлыг сөхөж гаргахын өмнө уг холбоог өнөөдөр ямар үйл ажиллагаа явуулж байгааг, ямар хүмүүс толгойлж буйг нь эрх биш шалгасан л байх. Улсын бүртгэлийн цахим мэдээллийн сангаас хайж үзэхэд У.Хүрэлсүхийн нэр дээр энэ холбоо байхгүй болжээ.
Үүгээрээ юу хэлэх гээд байна вэ гэвэл Цэц дээр үүсгэсэн МАН-ын "тоглолт"-д Ерөнхийлөгч ихээхэн дургүйцсэн дүрийг гадагшаа харуулахыг л хүссэн байж болох талтай. Өмнөх нийтлэлүүд дээрээ өгүүлж байсан шиг "Ерөнхийлөгч дахин дэвших боломжгүй зохицуулалттай ҮХНӨ байна аа" гээд хуульчид аль 2019 онд, 2020 онд хуулийн хэлэлцүүлгийн үед яриад байхад л сонсоогүй өнгөрөөнө гэж байхгүй. Үүн шиг худлаа зүйл гэж энэ дэлхий дээр байхгүй. Ерөнхийлөгчийн институт бүхэлдээ хүлээн зөвшөөрч байж энэ саналыг нь З.Энхболд байнгын хороо, чуулган руу барьж орно.
Мөн эрх барьж буй 65 гишүүнтэй МАН хүсэх л юм бол Цэцийн бүрэлдэхүүнд хүссэнээрээ өөрчлөлт оруулах боломжтой. Яг л сая хүч түрж Ш.Цогтоог чөлөөлж, Ж.Эрдэнэбулганыг томилдог шиг зүйл болохыг улс төрийн хүрээний захын хүн хүртэл таамаглана. Дээр нь нэмээд хамаг "араа шүдээ" сугалуулчихсан Ерөнхийлөгчийн сэнтийд дахин 6 жил суугаад улс төрийнхөө замналыг дуусгахыг Х.Баттулга хүсээгүй байх талтай. Ганц байгаа тодорхой үнэн бол Х.Баттулгын улс төрийн карьеер зургаахан жилийн дараа дуусах учиргүй. Улс төрд бол тэр эд ирэн дээрээ яваа нэгэн.
Энэ бүхнийг эргэцүүлээд харахад Х.Баттулгын өнгөрсөн хугацаанд хийж байгаа бүхий л үйлдлүүд өөрийгөө хясуулсан, боогдуулсан, үнэхээр хүчгүйдсэн, МАН-д аймаар дээрэлхүүлж буй мэтээр өөрийгөө хамтрагчид, дэмжигчиддээ харуулахыг хүссэн хүний үйлдэл мэт санагдах болов. Амьдрал гэх жүжгийн хамгийн том тайз бол улс төр юм.
Г.Лхагвадорж