Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр дөрөвдүгээр сарын 2-ны өдөр “Их хуралдай” төвд Монгол Улсын начин Э.Энхбатыг зодож, эрүүл мэндэд нь хохирол учруулсан. Улмаар Улсын начин Э.Энхбат тархиндаа хүнд бэртэл авсан тул ГССҮТ-д хүргэгдэж, сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байсан юм.
Тархины хүнд бэртэл гэмтлээс шалтгаалан энэ сарын 2-ноос эхлэн бүтэн унтуулга, амьсгалын аппараттай байгаа түүнийг ар гэрийнх нь саналыг үндэслэн БНСУ руу эмчлүүлэхээр авч явжээ. Ингэхдээ "Hunnu air" компанийн онгоцоор 12:00 цагт ниссэн байна. Онгоцонд ар гэрийнхнээс нь гадна Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хоёр эмч, нэг сувилагч дагалдаж яваа юм байна.