Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АЗБХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзэв

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 36 секунд

   УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг дараах хоёр үндэслэлээр хүлээн авах боломжгүй гэж тайлбарлав.

   Нэгдүгээрт, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан тохиолдолд Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 10 гишүүнтэй болно. Гэтэл Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд, Цэц 9 гишүүнтэй байна гэж заасан. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан тохиолдолд Монгол Улсын Их Хурал өөрөө Үндсэн хууль зөрчих болно.

   Хоёрдугаарт, Монгол Улсын Үндсэн хуулийн 25.1-д Улсын Их Хурал нь “… дараахь асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ” гэж, мөн хуулийн 33, 38 дугаар зүйлд Ерөнхийлөгч болон Засгийн газар нь “… дараахь үндсэн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл, онцгой бүрэн эрх, үндсэн бүрэн эрх гэсэн хоёр ялгамжтай нэр томьёо хэрэглэсэн. Онцгой бүрэн эрхэд Улсын Их Хурал бүрэн эрхээ хэнтэй ч хуваалцахгүй гэсэн утга санаа агуулагдаж байгаа. Тодруулбал, хууль батлах, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Цэцийн гишүүнийг томилох зэрэг хэд хэдэн томилгоо хийх онцгой бүрэн эрхтэй. Эдгээр бүрэн эрхэд Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавих байдлаар дамжин орох боломжийг Үндсэн хууль олгоогүй, хэрвээ олговол энэ нь засаглалын хямрал руу түлхэнэ. Улсын Их Хурал ч ялгаагүй Ерөнхийлөгчийн бүрэн эрх рүү орох эрхгүй. Иймд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэсэн байр суурь илэрхийлэв.

   Ингээд “Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын 2021 оны 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг дэмжье гэсэн саналын  томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Ким Кардашян тэрбумтнуудын жагсаалтад багтжээ
Ким Кардашян тэрбумтнуудын жагсаалтад багтжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.