Сонсголонгийн гүүрнээс Баянзүрхийн гүүр хүртэлх Туул голын эрэг дагуух 27 км газарт нийт 15 байршлыг тохижуулах юм. Ингэхдээ зуны улиралд хамгийн их устай үед голын эргийн аюулгүй байдлыг хангасан байршлуудыг сонгожээ.
Нийслэлийн Ерөнхий архитектор Ц.Тулга “15 байршлаас 11-ийнх нь тохижилтын ажлын даалгавар батлагдсан. Таван байршилд загвар зураг нь батлагдаж, нэг байршлыг тохижуулсан. Богд уулын арын зам буюу Дүнжингаравын зам дагуу 17,8 км дугуйн зам хийж байгаа”-г танилцуулав. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Шуурхай ажиллаж, хурдан төлөвлөж, богино хугацаанд зохион байгуул. Даваа гаргаас ажилдаа ор” гэжээ.
Туул голын эрэг дагуух тохижилтыг ихэвчлэн сагс, хөл бөмбөг, тоглоомын талбай, машины зогсоол, дугуйн болон явган хүний замтай байхаар төлөвлөжээ. БОАЖЯ-ны зөвшөөрлөөр газар олгосон байсныг хүчингүй болгуулж, тохижуулахаар болсон газар ч байгаа юм. Хотын дарга мөн газрын хэмжээг нэмэгдүүлэх боломжийг судлахаас гадна эрүүл, аюулгүй, өнгө үзэмжтэй байх стандартад анхаарахыг Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын дарга С.Төмөрдуламд үүрэг болголоо.