Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр өчигдөр \2021.04.02\ Улсын начин Э.Энхбатын биед халдаж, хүнд гэмтэл учруулсан талаар хэвлэл мэдээлэл, цахим сүлжээгээр мэдээллэх боллоо. Одоогийн байдлаар Э.Энхбат тархины хэд хэдэн хавсарсан хүнд гэмтэлтэй зохиомол унтуулгын байдалтай ГССҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна. Харин Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсээс Н.Түвшинбаярыг саатуулахаар ажиллаж байгаа ажээ.
Н.Түвшинбаярын гэмт үйлдлийг хуулийн байгууллага мөрдөн шалгаж, нотолсон тохиолдолд эрүүгийн хуулийн 11-р зүйлд заасны дагуу 2-12 жилийн хорих ял оноохоор байгаа юм. Тодруулбал эрүүгийн хуулийн 11-р зүйлийн 11.1 дэх хэсэгт "Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ." Мөн хуулийн 11.2-т энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн \онц харгис хэрцгийгээр\ бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж тус тус заасан байна.
2017 оноос мөрдөж эхэлсэн эрүүгийн хуулиар гомдол татах тухай ойлголт байхгүй болсон, хохирогч хэчнээн гомдолгүй байсан ч гэмт үйлдэлд нь зайлшгүй ял шийтгэл оноох зохицуулалт үйлчилж байгаа тул Н.Түвшинбаяр эрүүгийн хариуцлагад татагдах нь бараг ойлгомжтой байна гэж хуульчид тайлбарлаж байна.