Олон улсын санхүү, хөрөнгө оруулалтын “PPF” группыг эзэмшигч, Чехийн тэрбумтан Петр Келлнер нисдэг тэрэгний ослын улмаас амиа алджээ.
“Eurocopter AS50” нисдэг тэрэг бямба гарагт Аляск муж улсын Бьютт хотоос холгүй осолдсон байна. Ослоор амиа алдсан хүмүүсийн дунд Чехийн хамгийн баян иргэн Петр Келлнер байсан тухай “PPF” группын хэвлэлийн нарийн бичгийн дарга Йитка Ткадлецова мэдэгдсэн аж.
Петр Келлнер “PPF” компанийн 98.93 хувийг 2019 оноос хойш эзэмшиж байсан аж. “Forbes” сэтгүүлийн мэдээлснээр, түүний хөрөнгө 15.5 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байсан бөгөөд Петр Келлнер сүүлийн 15 жилийн хугацаанд дэлхийн хамгийн чинээлэг эрхмүүдийн жагсаалтад багтжээ. “Associated Press” агентлагийн мэдээлснээр, “Eurocopter AS50” нисдэг тэрэг осолдсоны улмаас нийт таван хүн нас баржээ. Энэ хэрэгтэй холбогдуулан АНУ-ын Үндэсний тээврийн аюулгүй байдлын зөвлөл ослын шалтгааныг олж тогтоохоор ажиллаж байна.