Улсын онцгой комисс уржигдар хуралдаж Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх санал гаргасан юм. Тус комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин "Шинэ коронавирусээс урьдчилсан сэргийлэх зорилгоор сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх саналыг Улсын онцгой комиссын гишүүд дэмжиж байгаагаа илэрхийллээ. Тиймээс Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх саналыг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад нь шилжүүлэхээр боллоо. Ерөнхийлөгчийн зарлиг гарах ёстой байх гэж бодож байна" гэсэн юм. Үүний дагуу Ерөнхийлөгч Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх тухай зарлиг гаргахаар болж, зарлигийн төсөлдөө Засгийн газраас саналыг нь авахаар илгээсэн.
Засгийн газар өнөөдрийн ээлжит хуралдаанаараа энэ асуудлыг хэлэлцэн, Ерөнхийлөгчийн Зарлигийг дэмжих нь зүйтэй гэж үзсэн байна. Ерөнхийлөгчийн зарлигийн төсөлд цагаан сарыг тэмдэглэхгүй байх, цагаан сартай холбоотой зар сурталчилгааг зогсоох, үзэсгэлэн худалдааг хязгаарлах зэрэг саналууд багтжээ. Гэхдээ энэ нь сар шинийн баярыг тэмдэглэхгүй гэсэн үг биш бөгөөд олны хөдөлгөөнийг хориглохын тулд ОНЦ БАЙДАЛ зарлах хуулийн зохицуулалттай юм.