Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хуралд доктор А.Амбасэлмаа оролцож мэдээлэл өглөө. Тэрбээр. “Коронавируст халдвар Улаанбаатар хотод нэлээд өргөн хүрээнд тархсан байна. Ийм үед халдвар хаана их гарч байгаа газарт нь тохирсон хариу арга хэмжээг авдаг. Өнөөдөр нийслэлийн хэд хэдэн газарт халдварын эрсдэл маш өндөр байна. Тухайлбал, эрсдэл өндөртэй газарт нийслэлийн хамгийн олон хүн амтай хороо буюу БЗД-ийн 26 дугаар хороо багтаж байгаа. Тус хорооны нутаг дэвсгэрт сүүлийн 14 хоногийн хугацаанд нийт 36 байранд 54 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд ойрын хавьтлын 200 гаруй хүн бий. Батлагдсан нэг тохиолдлын ард 2-3 хүн халдвар авсан байх эрсдэлтэй. Тиймээс уг эрсдэлээс сэргийлж, халдварыг бууруулахын тулд энэ сарын 17-ноос эхлэн тухайн нутаг дэвсгэрт богино хугацааны хөл хороог тогтоосон.
Энэ үйл ажиллагаанд тус хорооны иргэд идэвхтэй оролцож буй. Өчигдрийн байдлаар гэхэд нийт шинжилгээнд хамрагдвал зохих хүн амын 60 гаруй хувь нь шинжилгээгээ өгсөн. Өнөөдөр үлдсэн 40 хувь нь шинжилгээнд хамрагдвал бүх хүн шинжилгээгээ өгч дуусна гэсэн үг. БЗД-ийн 26 дугаар хорооны зарим байр, гудамжинд халдваргүйжүүлэлт хийж, 50-65 насны хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг вакцинжуулах үйл ажиллагааг зохион байгуулна" гэв.
Түүнчлэн "Өнөөдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт өргөжүүлсэн тандалтыг зохион байгуулж байна. Өргөжүүлсэн тандалт зохион байгуулж байгаа нь халдвартай хүнийг илрүүлэх, хавьтлыг тусгаарлах, тухайн нутагт халдварыг бууруулах зорилготой гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Энэ арга хэмжээг цаашид аль ч хороонд зохион байгуулж болно. Тиймээс бидний хэрэгжүүлж буй арга хэмжээг дэмжиж хамтарч ажиллахыг иргэдээсээ хүсье.
Вакцинжуулалт эхэлсэнтэй холбоотойгоор иргэд нэлээд тайвширсан байна. Дэлхий даяараа вакцинжуулалттай зэрэгцэн нийгмийн эрүүл мэндийн бусад арга хэмжээ болох амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих зэргийг хэрэгжүүлж буй. Энэ бүх арга хэмжээг хослуулан хэрэгжүүлж байж бид цар тахлын ард гарна. Ялангуяа вакцины эхний тунг хийлгэчихээд өөрийгөө хамгаалах тал дээр онцгой анхаарах ёстой" хэмээв.