Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Төв аймгийн Онцгой комиссын ажлыг шалгасан тухай Шадар сайдын ажлын албанаас өнөөдөр мэдээллээ.
Тус аймагт энэ сарын 6-нд халдвар батлагдсанаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд 16 хүн өвчилсөн. Ес нь ХӨСҮТ-д, долоо нь аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Зуунмод сумын хэмжээнд “Нэг хаалга-Нэг шинжилгээ" зохион байгуулж, ойрын хавьтлыг нь илрүүлэн бүрэн хөл хорио тогтоосон талаар албаныхан танилцууллаа. Бусад аймаг руу тус аймгаар иргэд дамжин өнгөрдөг тул Зуунмод хотод PCR шинжилгээний лаборатори байгуулах, дархлаажуулах ажлыг нэн даруй эхлүүлэх хүсэлтээ Шадар сайдад тавив.
Цар тахлыг хумих, халдварын эрсдлийг бууруулах чиглэлээр УОК шаардлагатай бүх зүйлээр дэмжинэ гэдгээ Шадар сайд хэлээд, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах ажлыг сайн зохион байгуулж байгааг сайшаав. Бүх аймгийг шинжилгээний төвтэй болгож эхэлсэн. Энэ хүрээнд аймаг, орон нутгаас иргэдийг зөөвөрлөхгүйгээр тухайн бүс нутагт нь оношлох, эмчлэх нөхцөлийг бүрдүүлнэ. Дархлаажуулах ажлыг эрчимжүүлсэн учир эмнэлгийн ажилчид, албан хаагчдыг сургалтад хамруулах, мэдээлэл, зөвлөгөө өгөх зэрэг бэлтгэлээ сайтар хангахыг Шадар сайд С.Амарсайхан чиглэл болгов. Мөн аймгийн Онцгой комисст халдвар хамгааллын хувцас, хэрэглэл хүлээлгэж өглөө.
Тэрбээр өвөлжилт, хаваржилт, тариалалтын талаар мэдээлэл сонслоо. Төв аймагт 4.8 сая толгой мал өвөлжиж байгаагийн 370 мянга нь бусад аймгаас ирсэн отрын малчдынх юм. Урьдчилсан тооцоогоор, 1.7 сая төл авах бөгөөд шаардлагатай өвс, тэжээлийг малчдад хүргэжээ. Хаврын тариалах ажилд 3,000 тонн тарианы үр, 5,000 тонн тэжээлийн үр шаардлагатай байгаа тооцоо гарсан байна.