Их Британийн “ArtReview” сэтгүүлээс гаргасан 2020 оны соёлын хамгийн нөлөө бүхий 100 үзэгдлийн жагсаалтыг “Black Lives Matter” хөдөлгөөн тэргүүлжээ. Уламжлалт ёсоор энэ жагсаалтыг урлаг соёлын хөгжилд хувь нэмрээ оруулсан зүтгэлтэн эсвэл бүлэг хүмүүс тэргүүлдэг бол 2020 онд анх удаа хөдөлгөөн тодорсон байна.
“Black Lives Matter” хөдөлгөөн нь өнгөрсөн жил соёлын ертөнцөд өөрчлөлтийн томоохон давлагаа үүсгэсэн. Тус хөдөлгөөн арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах явдалд шударга ёс тогтоох, соёлын парадигмын өөрчлөлтийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрүүлэх бэлгэ тэмдэг болсон” хэмээн “ArtReview” сэтгүүл мэдээлжээ.
-BLACK LIVES MATTER ХӨДӨЛГӨӨНИЙ ҮҮСЭЛ-
Энэхүү хөдөлгөөн анх 2012 онд Алисия Гарза, Опал Томети, Патрисс Каллорс нарын санаачилгаар үүсжээ. “Black Lives Matter”-г дэмжигчид цагдаа нарын дур зоргоороо авирлах явдал хийгээд арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзэгдлийг эсэргүүцдэг. Африк гаралтай америк эр Жорж Флойд цагдаа нарын гарт амиа алдсаны дараа томоохон эсэргүүцэл дэгдсэн нь энэ онд “BLM” хөдөлгөөний нэр хүндийг шинэ түвшинд гаргажээ.
Түүний амиа алдах үеийн бичлэг олон нийтэд хүрснээр асуудал улам ноцтой болж, АНУ-ын Миннэсота мужид эхэлсэн эсэргүүцлийн бослого эрчээ авч, ихэнх мужуудад болон цагаан ордны гадаа хүртэл жагссан байна. Гэвч зарим жагсаал болсон хэсэгт байдал буруугаар эргэн бослого болж иргэд галдан шатааж, том сүлжээ дэлгүүрүүдрүү дайрч орон дээрэмдэх гэх мэт хэргүүд газар авчээ. Үүний эсрэг Ерөнхийлагч Доналд Трамп “дээрэм тонуул чинь буун дуу гарахад хүргэнэ” гэсэн утгатайгаар жиргэж байв.
Үймээний хамгийн том шалтгаан нь цагдаа нар цагаан арьст хүнийг энгийнээр баривчилдаг ч хар арьст хүнтэй хамгийн хэрцгийгээр, хүч хэрэглэн баривчлах эсвэл шууд амийг нь хөнөөдөгт байгаа юм.
-ЦАГДАА НАРЫН ГАРТ АМИА АЛДСАН ХАР АРЬСТ ХҮМҮҮСИЙН ХЭРГҮҮД-
Стефон Кларк
Iphone утас зөөвөрлөж байгаад 8 удаа буудуулж нас барсан. Цагдаа нар түүнийг өөдөөс нь буудах гэж байна гэж бодон түүнийг хөнөөсөн байна.
Филандо Кастил
Жолооныхоо үнэмлэхэндээ хүрэх гэснийхээ төлөө буудуулж нас баржээ. Тэрээр цагдаад өөрт нь буу байгааг анхааруулж харин зүгээр л үнэмлэхээ авах гэж буйгаа хэлсэн ч амиа алджээ.
Акай Гурли
Харанхуй хонгилд алхаж байхад нь цагдаа бууг нь булаан авч, ханаруу буудсан сум нь ойн цээжинд нь онож түүнийг хөнөөсөн байна.
Трэйвон Мартин
Сэжиг бүхий харагдсан учраас буудуулж нас барсан. Харамсалтай нь тэр зүгээр л дэлгүүрээс амттан болон ундаа худалдан авчихаад л явж байжээ.
Тамир Райс
Тоглоомон буугаар тоглож байгаад буудуулж үхсэн. Бэлхүүсэндээ хүрэх гэж байхад нь цагдаа түүнийг 2 удаа буудсан байна.
-“BLM”-ИЙН БЭЛГЭ ТЭМДЭГ ЖОРЖ ФЛОЙДЫН ХЭРЭГ ХЭРХЭВ-
Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг “Black Lives Matter” хөдөлгөөний эхлэл болсон Жорж Флойдын үхлийн шалтгааныг тогтоох явцад шүүхийн өмнө шинэ баримтууд дэлгэгдэн хэргийг ээдрээтэй болгожээ. Тэрбээр цагдаад найман минутын турш хоолойгоо шахуулан газар хэвтэж улмаар амь насаа алдсан юм. Түүний цогцост шүүх эмнэлгээнийхэн шинжилгээ хийхэд фентанил болон метамфетамины холимог бодис жирийн хэрэглээнээс хэд дахин илүү илэрсэн нь үхлийн гол шалтгаан гэж цагдаа нарын өмгөөлөгч Эрик.Ж Нельсон хэлжээ.
“Флойдын хэрэглэсэн тэр хүчтэй наркотикийн хэмжээ нь зүрхний архаг хуучтай хүнийг бүү хэл жирийн хүний амьсгалын эрхтэнг хэдэн цагаар ч боомилох хэмжээтэй байжээ гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Өөрөө хэлбэл, түүний үхэлд цагдаагийн үйлдэл бус талийгаачийн хэрэглэсэн хорт бодисууд илүү нөлөөлжээ” гэж цагдаагийн өмгөөлөгч мэдэгдсэн байна.
Жорж Флойдыг баривчлах үедээ амь насыг нь хохироосон цагдаагийн офицер Дерек Чоувин хүн амины хэрэгт яллагдсан. Тэрбээр АНУ-ын Миннесота муж улсын Хеннепин хотын шоронд хоригдож байсан ч нэг сая ам.долларын барьцаа төлснөөр батлан даалтад суллагджээ. Дерек Чоувинтай хамт баривчилгаанд оролцосон өөр гурван цагдаагийн офицер ажлаасаа халагдаж, шалгагдсан.
-АРЬС ӨНГӨӨР ЯЛГАВАРЛАХ ҮЗЭЛ ЭДИЙН ЗАСАГТ НӨЛӨӨЛДӨГ-
АНУ-ын эдийн засагт сүүлийн 20 жилд арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлээс болж 16 их наяд ам.долларын хохирол учирсан гэж шинжээчид дүгнэжээ. “Citigroup” компанийн шинжээчид 2000-2020 оны эдийн засгийн статистик үзүүлэлтүүдийг судалж үзсэний эцэст ийм дүгнэлт гаргасан байна. Арьс өнгөний үзлийн эдийн засагт учруулах хохирол нь ихэнхдээ хар арьстнуудын эдийн засгийн боломж бололцоог хаадаг байна.
Тухайлбал, арьсны өнгөөр гадуурхсны улмаас хар арьстан америкчуудад ипотекийн зээл олгохоос татгалздаг гэх судалгаа гарсан тухай судлаачдын ахлагч Дан Петерсон дурджээ. Энэхүү ялгаварлалт нь хар арьст иргэд тав тухтай амьдрах болон чанартай сургуульд суралцах боломжыг хаадаг байна.