Америкийн “Pfizer” компани Германы “BioNTech” компанитай хамтран гарган авсан коронавирусний вакциныхаа эрэлтийг хангахын тулд үйлдвэрлэлээ нэмэгдүүлж байгаагаа мэдэгджээ.
“Pfizer” хоёрдугаар сарын эхний байдлаар АНУ-д долоо хоногт 4-5 сая тун вакцин нийлүүлж байгаа бол гуравдугаар сарын дунд үе гэхэд уг үзүүлэлтийг 13 саяд хүргэхээр төлөвлөж байгаа ажээ.
“Бид 2021 онд дэлхий дахинд 1.3 тэрбум тун вакцин нийлүүлэхээр урьдчилсан төлөвлөж байснаа 2 тэрбумд хүргэж нэмэгдүүлсэн” гэж “Pfizer” компанийн төлөөлөгч мягмар гарагт АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын хороонд мэдээлжээ.
Гэвч “Pfizer” улс орнуудад нийлүүлэх вакцины тунгийнхаа талаар тодорхой мэдээллийг танилцуулаагүй байна.
АНУ-ын “Duke” их сургууль “Pfizer”-ийн байгуулсан гэрээнүүдэд үндэслэн тус компанийн нийлүүлэх вакцины тунг тооцоолжээ. Энэхүү тооцоогоор 40 гаруй улс орон, байгууллага 1.5 тэрбум гаруй тун вакцин авах гэрээ байгуулжээ.
“Duke” их сургуулийн мэдээлснээр, Европын Холбоо 600 сая хүртэлх тун, АНУ 300 сая тун, Япон, 144 сая тун, БНХАУ 100 сая тун, “COVAX” хөтөлбөр 40 сая тун вакцин урьдчилан захиалсан байна.
“COVAX” нь “COVID-19”-ийн вакциныг тэгш хуваарилах зорилгоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллага тэргүүтэй байгууллагуудын санаачилсан олон улсын хөтөлбөр юм.
Япон “Pfizer”-тэй 144 сая тун вакциныг энэ онд нийлүүлэн авах гэрээ байгуулснаас 838 мянган тунг нь Бельгиэс хүлээн авчээ. “Pfizer” Японд нийлүүлэх вакцинаа Бельги, Герман дахь үйлдвэртээ үйлдвэрлэж байгаа юм.