Маргааш тулалдах хоёр боксчин өчигдөр нүүр тулсан хэвлэлийн хурал хийх үеэр. Баруун гар талаас Гэри Рассел, Нямбарын Төгсцогт нар. Эх сурвалж: BoxingScene
Мэргэжлийн боксын IBO холбооны дэлхийн аварга, “Лондон-2012” олимпийн болон 2009 оны ДАШТ-ий мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Нямбаярын Төгсцогт WBC (World Boxing Council- Дэлхийн боксын зөвлөл) бүсийн аваргын төлөө маргааш тоглоно.
Тэрээр өчигдөр өрсөлдөгч, Хөнгөн жингийн дэлхийн аварга, АНУ-ын тамирчин Гэри Рассел Жр-тай нүүр тулсан хэвлэлийн бага хурал хийжээ.
“King Tug” Н.Төгсцогт, Гэри Рассел нарын тулаан хоёрдугаар сарын 8-нд буюу бямба гарагт болно.
Дэлхийн аваргын цомыг 3 удаа хамгаалсан 30 настай тамирчин Гэри Рассел дэвжээнээс бууснаас хойш 9 сарын дараа эргэн ирж байна. Гэри Рассел Н.Төгсцогтыг дутуу үнэлэхгүй байгаа ч ялна гэж хүлээж байгаа гэв.
Тэрээр “Хэрвээ надад эрх нь байдаг бол би Лео Санта Круз, Жервонта Дэвис нартай үзэх байлаа. Гэвч энэ бол миний нүүр тулах хүн. Би дахин нэг удаа өөрийнхөө хэв маягаар ялахаар ирлээ” гэжээ.
Харин Н.Төгсцогт “Би бямба гарагт Гэри Расселлээс илүү байх болно. Өнгөрсөн туршлага хамаагүй. Хэрвээ тэр намайг энэ тулаанд туршлага дутуу гэж харж байгаа бол бямба гарагт цочирдох болно” гэжээ.
Н.Төгсцогт сүүлийн 13 сарын хугацаанд тулалдаагүй ч нэр хүндтэй дасгалжуулагч Исмаил Саластай бэлтгэл хийсэн тул итгэлтэй байгаа аж.
Тэрээр “Ринг дээр гаралгүй удсан ч маш шаргуу бэлдсэн. Исмаил Саластай ажиллахад таатай байсан бөгөөд миний карьер шинэ шатанд хүрэх шиг санагдсан. Миний бүхий л ур чадвар, хурд, хүч бямба гарагт гарах болно” гэжээ.
Дэвсгэр мэдээлэл:
Гэри Рассел (30-1, 18 KO) нь мэргэжлийн боксын ринг дээр 30 удаагийн халз тулаанд хүчээ сорьсноос 18-ыг нь хүнд цохилтоор ялсан байна. Тэрээр ганцхан удаа ялагдаж, дэлхийн аварга цолыг гурван удаа хамгаалсан шилдэг боксчин юм. Гэри Рассел 2015 онд аваргын бүсээ хамгаалсны дараа жилд ердөө ганцхан тулаан хийж байна гэсэн шүүмжлэлд өртсөн билээ. Түүний сүүлийн 3 удаагийн тулаан нь бүгд өнгөрсөн тавдугаар сард болсон байна.
“King Tug” Н.Төгсцогт (11-0, 9 KO)-ын өвөөгийн удамд Төгсцогт гэдэг бөх 1900-гаад оны эхээр амьдарч байсан гэдэг. Даншиг наадамд түрүүлж “Улам өрнөх” цол авч байжээ. Н.Төгсцогтыг төрөхөд сайн бөх болохыг бэлгэдэж, өвөө нь ууган ачдаа Улам-Өрнөх Төгсцогт гэдэг нэр хайрласан байна. Харин эмээ болон аав, ээж нь төрсний гэрчилгээний овог нэр бичдэг зайд багтахгүй, дэндүү урт болохоор Улам-Өрнөхийг нь хасаад Төгсцогт гэж бичүүлсэн гэдэг.