Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхийлөгчийн сонгуулиар МАН, МАХН нэгдэх үү

Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 54 секунд

МАН-ын 100 жилийн ой энэ онд тохиож буй. Үүнтэй зэрэгцээд Ерөнхийлөгчийн сонгууль явагдана. Үүнд яаж ийгээд ялалт байгуулах их хүсэл МАН-д бий. Өмнө нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ шууд л зарладаг байсан “ах” нам энэ удаа намдаа сунгаа явуулж нэр дэвшигчийг тодруулна гэх яриа ч гарсан. Гэтэл Ерөнхий сайдын суудлаасаа буусан намын даргыг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр биеэ бэлдэж байгааг ч улс төрчид ярьж байна.

Гэтэл үүнтэй зэрэгцээд нэгэн үйл явдал болсон нь МАХН-наас өрх тусгаарлаж, улс төрийн шуурган дундуур уруудаж, өгсөж яваа Н.Энхбаяр “Ам нээвэл” ярилцлагын нэвтрүүлэгт оролцох үеэрээ амаа нээсэн шиг нээж нэгэн сонирхолтой зүйлийг ярьсан. Тэрбээр “100 жилийн ой үнэхээр түүхэн их ой. Энэ бол зөвхөн МАН, МАХН-ын ой гэж булаацалдах асуудал биш. Энэ бол Монголд улс төрийн нам үүссэн түүхэн ой. Тийм учраас дээд шүүхийн бүртгэл дээрх бүх намын баяр юм. Нэг хэсэг нь Ардын нам гэж нэрлэх санал гаргасан ч нөгөө хэсэг нь ЗХУ-ын нөлөөгөөр Хувьсгалт нам гэж нэрлэх санал гаргасан. Ингээд 1921 онд хуралдаж дотооддоо ардын нам, гадааддаа хувьсгалт нам байя аа гэсэн шийдвэр гаргаад хоёр нэрийг зэрэг хэрэглэхээр тогтсон. Тийм учраас энэ хоёр нэр 100 жилийн түүхтэй. МАН-ынхан олонхоороо шийдсэн болоо гэдэг байсан бол бид өнөөдрийн цөөнх маргааш олонх болж болно хэмээн олонхийн саналаар шийддэг Социал демократ үзэлтэй нам болсон. Энэ үзэл дээр бид нар зам салсан. Бас МАНАН-гийн эсрэг тэмцье, Байгалийн баялгийг ард түмэндээ өгье, Оюутолгойн гэрээг буруу байгууллаа гэдэг дээр зам салсан. Гэтэл сүүлийн үед МАН-ын удирдлагуудын амнаас “Оюутолгойн гэрээ буруу байсан байна. Дубайн гэрээ бүр буруу юм байна. Байгалийн баялаг чинь ард түмний өмч юм биш үү, МАНАН гэх үзэгдэл чинь ямар аймаар юм бэ” хэмээн ярьж эхэлсэн учраас бид нарын байр суурь, ярьдаг зүйл ойртоод ирсэн. Дарга бол ирнэ, явна, солигдоно. Тийм учраас Энхбаяр, Хүрэлсүх хоёр намынхаа гишүүдээс асуух ёстой. Энэ нам ямар миний хувийн компани биш дээ. Тийм учраас хоёр намын анхан шатны байгууллагын гишүүдээс, ард түмнээс санал асуулга явуулаад олонх нь нэгдэх санал гаргаад, хоёр нам дарга нарын өмч биш ээ, одоо нэгдэж Зүүн төвийн үзлээ баримталж хамтрах ёстой гэж үзвэл би энд ямар том царайлж юу ч яриад хэрэггүй шүү дээ” хэмээн ярьсан.

Гэхдээ МАХН-ыг өдий зэрэгтэй босгох, УИХ-д суудалтай нам болгох хүртэл хүч хөдөлмөрөө зарсан түүний хувьд ямар нэг тохироогүй ийм том улс төрийн нүүдэл хийх нь юу л бол...

Одоо УИХ-д хоёр гишүүний сул суудал бий. Нэг нь Сэлэнгээс сонгогдсон ч албан тушаалаа хэтрүүлсэн ашигласан гэх үндэслэлээр ял эдэлж буй Ж.Эрдэнэбат, нөгөө нь СХД-ээс нэр дэвшиж, ялалт байгуулсан хотын дарга болоод буй Д.Сумъяабазар нарын суудал эзэнгүй байгаа. Ж.Эрдэнэбат гишүүнийг хорьж буй асуудал эцэслэгдэн шийдэгдээгүй учраас түүнийг нөхөх сонгууль явуулах тов гараагүй. Харин хотын даргын суудлыг нөхөх сонгууль Ерөнхийлөгчийн сонгуультай давхцаж явагдахаар товлогдоод буй. Н.Энхбаяр даргын хүү Э.Батшугар тус тойрогт УИХ-д өрсөлдсөн ч МАН-ын гурван нэр дэвшигчид өвдөг шороодож, хамраараа таслуулсан. Тэгэхээр нөхөн сонгуульд ялалт байгуулах боломж түүнд бий. Н.Энхбаяр даргын дээрх үйлдэл хүүгийнхээ ялалтыг баталгаажуулсан “тамга” хэмээн олон хүн таамаглаж байна. 

Энэ үйл явц гэхдээ С.Ганбаатар гишүүнийг төв талбайд өлсгөлөн зарлахаас эхэлсэн ч байж болох. Учир нь тэр үед эрх баригчид шинэ Засаг байгуулах чухал ажлынхаа хажуугаар шөнө дөлөөр гишүүнийг өргөх шахам ордон руу оруулж, гараа өргөж, хэлээ гаргахаас наагуур болж байж хэлэлцээ гэгчийг хийж, өлсгөлөнг нь болиулсныг иргэд санаж байгаа байх...

Намаасаа ганцаараа УИХ-д сонгогдсон “Босоо” С.Ганбаатар гишүүн намын даргынхаа энэ үйлдлийг хэрхэн хүлээн авах нь сонирхолтой. Эр хүний дотор эмээлтэй хазаартай морь багтдаг хойно түүнд хоёрдахь удаагаа Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүсэл багтаж л таараа... Гэвч МАН-ынхан гишүүний дотрыг аль үжэ засаад эхэлсэн учраас байдал хэрхэн эргэх нь ч том хүлээлт юм. Үүнээс гадна Үндсэн хуулийн шинэчилсэн найруулгыг зарим нь тайлбарлахдаа Н.Энхбаяр ч дахин Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжтой хэмээгээд буй... 

Хиллари Клинтон “триллер” төрлөөр ном бичнэ
Хиллари Клинтон “триллер” төрлөөр ном бичнэ
 
Т.Ням-Очир: Улсын хэмжээнд бүх сургууль, цэцэрлэгийн нүхэн жорлонг шинэчлэхэд 160-180 тэрбум төгрөг шаардлагатай
Т.Ням-Очир: Улсын хэмжээнд бүх сургууль, цэцэрлэгийн нүхэн жорлонг шинэчлэхэд 160-180 тэрбум төгрөг шаардлагатай
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.