Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Юу байна? тойм: Нэг хаалга, нэг платформ, нэг тамирчинтай долоо хоног

Ангилал
Нийгэм Social pop Visual toim
Огноо
Унших
11 минут 8 секунд

Хоёрдугаар сарын сүүлээсээ 2 дахь долоо хоног өнгөрч байна. Эдгээр өдрүүдэд болж өнгөрсөн, өрнөсөн үйл явдлуудыг тоймлоё.

ХАРИУЦЛАГА

Ерөнхий сайд У.Хүрэлсүх дөнгөж нярайлсан эмэгтэйн эрхийн төлөө огцорч, хариуцлага хүлээсэн. Харин эмнэлгийн дарга нь тэгээгүй бөгөөд тайлбар тавьсаар өнгөрч, олон нийт ч үүнийг тэгсгээд мартав. Энэ долоо хоногийн эхээр түүнийг НЭМГ-аас донгодож “Удаа дараа хариуцлага алдсан” гэх үндэслэлээр ажлаас чөлөөлж, түр менежментийн баг томилсон юм.

Хөдөө аж ахуйн сайд З.Мэндсайхан Хөдөө аж ахуйг дэмжих сангийн Захирал Н.Төмөрхүүд сахилгын шийтгэл оногдуулж, үүрэгт ажлаас нь халав. ХААДС-гийн зарим албан хаагч ажлын байран дээрээ архидан согтуурч, ёс зүйн алдаа гаргасны хариуцлага нь энэ байлаа.

УСАНД АВТЛАА

Өнгөрсөн долоо хоногт Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын төвийн 11 айл газар хөдлөлтийн улмаас усанд автсан. Тэгвэл  энэ Лхагва гарагт нийслэлийн БЗД-ийн 21, 27 дугаар хороонд хөрсний усны халиа үүсч, айлын гэр байшин, хашаа, машин нь автаж, хөлджээ.

КОВИД-19

2-р сарын 21-ний байдлаар манай улсад батлагдсан тохиолдлын тоо 2638 болсноос 1864 нь эдгэрч, 759 хүн эмчлэгдэж байна. Нэг иргэн энэ долоо хоногт хавсарсан хавдартай, үсэрхийлсэн хавдартай, уургийн дутагдал олон эрхтний үйл ажиллагааны доголдлоор нас барсан нь манай улс дахь Ковид-19 халдвартай нас барсан 5 дахь тохиолдол боллоо.

НЭГ ХААЛГА-НЭГ ШИНЖИЛГЭЭ

Зураач Ц.Оргил

Битүүнээс хойш, өнгөрсөн долоо хоногт нийт 17 тохиолдол “Нэг хаалга-нэг шинжилгээ” арга хэмжээний хүрээнд батлагдаад байв. Энэ долоо хоногийн Даваа гарагт 9, Мягмар гарагт 1, Лхагва гарагт 10, Пүрэв гарагт 10 тохиолдол, Баасан гарагт 9, Бямба гарагт 24 тохиолдол тус тус илэрлээ. Өнөөдөр Баянзүрх дүүргийн 69264 өрхийг хамруулах ажил эхэлж байгаа юм. "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-нд нийт 10 тэрбум төгрөг зарцуулж байгаа аж.

КЛАБХАУС

iPhone утасны энэ платформын хэрэглээг дэлхий дахинд “бүүм” болоход Элон Маскын хэрэглээ чухал нөлөөлсөн гэдэг. Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгчийг орж ирээч хэмээн Э.Маск урилга өгснийг Кремлиэс бодолцож үзье хэмээх хариу өгсөн байна.

Монголд ч клабхаусын хэрэглээ эрчимжиж, алдартнууд, төрийн албан хаагч, сайд, дарга нар ч өрөө нээж, хэлэлцүүлэг хийв. Тэдний дотор Наро Банчэн гэгээнтний оролцсон яриа хамгийн их ярианы сэдэв болж, 6000 гаруй хүн нэгдсэн Монголдоо л хамгийн том өрөө нь болжээ.

ВАКЦИН

Манай улс маргаашнаас Pfizer, Astrazeneka вакцин татан авна. БНХАУ-ын Синовак вакцины гэрээ хэлцэл хийж байгаа бол ОХУ-ын Спутник вакциныг ДЭМБ-аас баталсан үед татан авах юм. Иргэд эдгээр 4 вакцинаас өөрийн сонголтоор хийлгэх боломжтой.

Гэтэл цахим сүлжээнд вакциныг эсэргүүцсэн зарим сэтгүүлч мэдэгдэл хийж, Шинжээравдан гэх хүн “Вакцинаар дамжуулж хамарт чип суулгана” гэж сэрэмжлүүлэн бичсэн нь мэдээлэл багатай хүмүүсийг эргэлзэхэд хүргэлээ. Үүнтэй зэрэгцээд Хятадад 58 000 тун хуурамч вакцин борлуулсан 70 гаруй этгээдийг цагдаа нар баривчилсан мэдээ цацагдсан нь асуудлыг улам ч даамжруулав.

Иргэд, олон нийтийг вакцинд хамрагдахыг уриалж анхны вакциныг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хийлгэнэ гэсэн бол түүний дараа Эрүүл мэндийн сайд С.Энхболд хийлгэнэ гэдгээ мэдэгдлээ.

10 ИХ НАЯД

Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөг Засгийн газрын хурлаар энэ долоо хоногт батлав. Энэ нь дотроо ЖДҮ, үйлчилгээг дэмжих 3% хүүтэй, 3 жилийн зээлд 2 их наяд төгрөг; Залуучуудыг хөгжүүлэх 1 сая төгрөгийн тэтгэлэгтэй, 2 сарын сургалтын 0.5 их наяд төгрөг; УБ хотод барих “Залуус I, II, III” хороолол цогцлоох иж бүрэн ажилд 3 их наяд төгрөг; Стратегийн ач холбогдолтой томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд 2 их наяд төгрөг; Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, малчдын орлого, амьжиргааг дэмжихэд 0.5 их наяд төгрөг; Монголбанкны репо санхүүжилтийг 2 их наяд төгрөг болгож нэмэгдүүлэх арга хэмжээг багтаасан юм байна.

“ГАНЦ ДАЙЧИН”

Монгол Улсын иргэн Сайед Моллэй “Тель Авивын гранд при” тэмцээнд улсаа төлөөлж, ганцаараа оролцов. Ганц дайчин ганцаардахгүй гэсэн шиг -81 кг жинд амжилттай барилдаж, мөнгөн медаль хүртсэн. Түүний энэ амжилтаас илүү Израйльтай таарч тохирдоггүй Иран улсаас дүрвэж, Монголын иргэн болсон хүн эргээд Израйльд тэмцээнд орж буй  сэдэв нь олны анхаарлын төвд байлаа. Медаль гардуулах агшинд тэрбээр нулимс унагаж байгаа болов уу гэмээр дүрс хадгалагдан үлджээ.

ОЮУТОЛГОЙ

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Ж.Мөнхбат нар Ерөнхий сайдад асуулга тавилаа. Асуулгад гэрээ болон Лондонгийн арбитрын шүүхэд гаргах ёстой сөрөг нэхэмжлэлийн асуудлыг хөнджээ. Урьд нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Засгийн газраас Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах, "Дубайн гэрээ"-г цуцлах, шинээр байгуулах талаар "Рио Тинто"-д санал тавьсан гэж мэдэгдэж байв. Тэгвэл “Рио Тинто” компани Засгийн газрын тавьсан саналыг хүлээн авч, далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн асуудлаар шинэ гэрээ байгуулахад бэлэн байна гэж тус компанийн Гүйцэтгэх захирал Жэкоб Стаусхолм мэдэгджээ.

УОК

  • Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы тушаалаарCovid-19-өөс сэргийлэх арга хэмжээ зохион байгуулах болон тархалтын түвшинг тогтоох, хэрэгжүүлэх арга хэмжээг зохицуулах түр журам боловсруулах ажлын хэсэг байгуулав. Уг журмаар ДЭМБ-аас өгсөн зөвлөмжийн хүрээнд олон улсын жишигт нийцүүлж үйлдвэрлэл, үйлчилгээний нийтлэг асуудлыг зохицуулна. Мөн халдварын түвшин, зэрэглэл тогтоох, үүнтэй уялдуулж бусад арга хэмжээг хэрэгжүүлэх эрх зүйн үндэс бүрдэх юм.
  • УОК-ийн шийдвэрийн дагуу хүнсний дэлгүүрийн бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийг таслахгүй байхын тулд хүнс үйлдвэрлэл, бөөний худалдааны төвүүдийг үе шаттайгаар нээлээ. Хөл хорио дуусах хүртэл 49 худалдааны төвийг ээлжээр ажиллуулна.

МАШИНААС ҮНЭТЭЙ ДУГААР

Авто тээврийн үндэсний төвөөс тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугааруудыг нээлттэй дуудлага худалдаанд оруулж эхэллээ. Энэ үеэр 0001 УАР дугаар 427 сая төгрөг хүрсэн нь олны ярианы сэдэв боллоо. Гэтэл дугаарыг авах үнэ төлөгдөөгүй учир 0001 УАР дугаарын дуудлага худалдаа нь хүчингүй болж, зарагдалгүй үлджээ.

НИСЛЭГ

Энэ долоо хоногт 256 иргэн Сөүл-УБ чиглэлийн тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирж, 10 хоногийн тусгаарлалтад орлоо. УОК-оос иргэдийн тасалбарын үнийг 10 хүртэл хувиар хөнгөлж, нислэгийн суудлын тоог нэмэгдүүлнэ, ирэх саруудад 10-14 удаагийн нислэг үйлдэнэ гэж мэдэгдсэн нь баяртай мэдээ байв. Гадаадад гацсан иргэдэд эх орон нь үүдээ нээж эхэллээ.

43 МЯНГАН ХАСХОМ

Төрийн албан хаагч, албан тушаалтнууд хуулийн хүрээнд жил бүрийн хоёрдугаар сарын 15-нд хөрөнгө орлогоо Авлигатай тэмцэх газарт мэдүүлэх үүрэгтэй. Улсын хэмжээнд 43,6 мянган албан тушаалтан мэдүүлгээ ирүүлжээ. Үүнийг www.xacxom.iaac.mn вэб сайтад байршуулах ба хараахан нийтлэгдээгүй байна.

ТЕНДЕР

Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал албан хэрэгцээнд Lexus-570 автомашин худалдан авах тендер зарласан нь олон нийтийн шүүмжлэлтэй тулав. 257 сая төгрөгт багтаан, 2017 он болон түүнээс хойш хилээр оруулж ирсэн машин авна гэжээ. Гэтэл сарын өмнө тус аймгийн Засаг даргын Тамгын газар нь бүх газар, хэлтэст ашиглагдаж байсан Land-200 автомашиныг өвөлжилт хүндэрч буй Сэврэй, Хүрмэн, Ханхонгор сумын Засаг даргын Тамгын газарт шилжүүлсэн байжээ.

ШҮҮМЖЛЭЛ

Жүжигчин Г.Алдармаа телевизийн нэгэн нэвтрүүлэгт оролцохдоо дээлээ бүсэлж, товчилсонгүй, нөмгөн байсан нь цахим сүлжээнд олон хүний шүүмжлэл дагууллаа.

ДЦС-3 БА ТУУЛ

Хан-Уул дүүргийн 3-р хороонд Туул гол руу шугам хоолойгоор бохир ус хаяж байгаа мэдээллийг шалгаж үзэхэд "ДЦС-3" ТӨХК нь Туул голын далан давуулж, үнс зайлуулсан усаа хаяж байсныг таслан зогсоожээ. “ДЦС-3” компанийн инженерүүд энэ тухайд зууханд үүссэн үнсийг зайлуулах ажиллагаа доголдсоноос болж станцын үнсний шугамд бөглөрөл үүсч, далан сэтрэх аюулд хүрсэн. Иймд аваарын шугам хоолойгоор тунгаагдсан үнс зайлуулсан усыг хоёрдугаар сарын 15-16-ны өдрүүдэд хаясан гэжээ.

ЦАХИМ ГАНДАН

Засал номыг шинийн 15-ны дотор хийлгэхэд сүсэгтнүүд билэгшээж, сар шинийн баярын дараа гандан, хийдүүд хөлд дарагддаг. Тэгвэл энэ удаад www.my.gandan.mn цахим хуудсаар бүртгүүлж, засал номоо хийлгэж байна. Сайт руу нэвтэрч, төрсөн он, жил, хүйсээ бичихэд жилийн засал номын мэдээлэл гарч ирэх ба төлбөрөө шилжүүлснээр баталгаажих гэнэ. Лам нар сошиал сүлжээнд ч ном уншиж байгаагаа шууд дамжуулж байна.

ХЯНАЛТЫН КАМЕР

Хэвлэл мэдээлэл, сошиал сүлжээгээр шүүхийн байгууллагууд, Авлигатай тэмцэх газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн албан хаагчдын нэр холбогдсон хяналтын камерын бичлэг түгэж эхэллээ. Уг бичлэгт өгүүлснээр хөл хорионы үеэр нэг дор цугларч, архидсан, эмэгтэйчүүдийг дуудан ирүүлж цэнгэсэн нь ёс зүйн ноцтой алдаа гэж шүүмжилсэн байна.

 

КОВИД-19 ѳвчний эсрэг вакцины тухай
КОВИД-19 ѳвчний эсрэг вакцины тухай
 
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.