Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Наро Банчэн гэгээнтэн: Эцэг эхийн үйлийн үр хүүхдэд ирдэггүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 19 секунд

Сошиал орчинд "Ангууч" нэрээр танигдсан Б.Баттөр өөрийн Clubhouse хаягаараа дамжуулан Наро Банчэн гэгээнтнийг залж олон түмэнд Буддын сургаалын талаар болоод буян, нүглийн талаар нээлттэй хэлэлцүүлэг хийлээ. Хэлэлцүүлгийн үр дүнд Буддын сургаалтай холбоотой буруу ташаа ойлголттой байсан хэд хэдэн ойлголтыг цэгцэлж өгснийг хуваалцъя.

Шинийн арван таванд багтаан засал, ном хийлгэх талаар тайлбарласан нь анхаарал татсан сэдвүүдийн нэг байлаа. Шинийн арван таван гэдгийг бурхан шид үзүүлдэг 15 хоногийн хугацаа гэж ойлгоод тэр хугацаанд буян хураавал илүү аривжина гэж үздэг аж. Шинийн арван тавны дотор засал, ном үйлдэх нь бурханыг тахиж буй үйл бөгөөд буян хураах нэг арга зам юм. Харин засал, ном хийлгэсэн хэдий ч өөрийн сэдэл зорилго буруу байвал энэ нь буян хураах үйл биш юм. Засал ном хийлгээгүй ч гэлээ тухайн хугацаанд сайхан сэтгэлийн үүднээс бусдыг энэрч хайрлан буян хураавал энэ нь өөрт ээлтэй болохыг хэлсэн. 

Үүний дараагаар эцэг эхийн хийсэн үйл үр хүүхдэд нь очдог гэсэн ойлголтыг тайлбарлалаа. Тэрбээр эцэг эхийн хийсэн үйлийн үр дүн хүүхдэд нь ирдэг гэсэн ташаа ойлголт байдаг. Хүн өөрөө өөрийнхөө үйлийн үр дүнг эдэлнэ. Эцэг эх бол үйлийн барилдлага өндөр хүмүүс гэж үздэг. Эцэг эхтэйгээ буруу харьцах эцэг эхээ гомдоовол тэр үйлийн үр нь өөрт тань муугаар ирдэг. Эсрэгээрээ эцэг эхээ баярлуулах, хайрлан халамжлах нь сайн сайхан үйлийн үр болж ирдэг. Харин эцэг эхийн хийсэн муу үйлийн үр үр хүүхдэд нь очдог гэсэн ойлголт байдаггүй аж.

Коронавирусний эсрэг үрлийн талаар тайлбарласан нь нийтэд зөв ойлголт өгөхөд томоохон түлхэц болсон. Гэгээнтний тайлбарласнаар лам нарын зүгээс тэрхүү үрлийг санал болгосон нь зөвхөн коронавирус гэлтгүй бүхий л муу муухай зүйлсээс хол байлгах "зай" хэмээх зүйлийг үрлийн найрлаганд оруулсан байна. Мөн тарнийн, бясалгалын зэрэг олон хүч нэгдэн тэрхүү үрэл бий болжээ. Вирус тусахгүй байгаасай гэсэндээ цохилдох шалтгаан болгож тэр үрлийг хийсэн ба тухайн үрлийг хүртсэнээр коронавирус тусахгүй гэсэн ойлголт биш болохыг онцолж хэлсэн. 

Гэгээнтэн өчигдрийн айлдсан сургаалынхаа төгсгөлийн хэсэгт сонсож байсан хүмүүст хандан айлталын үеэр сайхан сэтгэлийн үүднээс олуулаа цуглан соён гэгээрэл болоод нийгмийн сайн сайхны төлөө хэлэлцэж ярилцаж байгаа нь асар том буян хурааж байгаа үйл болохыг онцолсон. Хүмүүс бид эвлэлдэн нэгдэж эв түнжин бат бөх байх нь чухал болохыг сургасан юм.

Клабхаус нь подкастын шинэчилсэн хувилбар мөн үү
Клабхаус нь подкастын шинэчилсэн хувилбар мөн үү
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.