Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Спикер хариулаагүй Ерөнхийлөгчийн асуултад хэн хариулах вэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 57 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын чуулганыг ээлжит бусаар хуралдуулах албан бичиг УИХ-ын тамгын газарт энэ сарын 1-нд хүргүүлжээ. Ингэхдээ улс орны байдал хүнд байхад олон асуудлыг шийдвэрлэх шаардлагатайг онцлоод,

  • Цар тахлын үед өрх бүрд нэг сая төгрөг олгох, айл өрхүүдээр дамжуулан үндэсний үйлдвэрлэл, аж ахуйг дэмжих зорилготой УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх,
  • Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх,
  • Оюутолгойн ордыг тойрсон ноцтой баримт, мэдээллүүдийг шалгаж буй хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаа, уг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хамгаалах, хангуулах асуудлын хүрээнд УИХ-ын хаалттай хуралдаан зохион байгуулах шаардлагатай гэж үзээд буй. 

Гэтэл УИХ-ын дарга Г.Занданшатар үүнд тайлбар хийхдээ "Нэгд, өрх бүрд нэг сая төгрөг өгөх мөнгө байхгүй.Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу заавал Засгийн газраас санал авч байж төсвийн тодотгол, Төсвийн хууль санаачлах ёстой. Оффшороос мөнгө орж ирээгүй. Монгол Улс 837417 өрхтэй. Энэ бүх өрхөд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх нэг их наяд төгрөгийн оффшор, авлигын мөнгө орж ирээгүй. Мөнгө орж ирээгүй байхад мөнгө хуваарилах хууль УИХ батлах боломжгүй. Хоёрт, Ерөнхийлөгч зөвхөн тогтоолоор мөнгө хуваарилах санал оруулж ирсэн. Төсвийн тухай хуулиар заавал төсвийн тодотгол хийж байж төсвийн нэгдсэн санд орлого, зарлага нь бүртгэгдэж байж мөнгө олгоно. Тиймээс Үндсэн хууль, УИХ-ын тухай хууль, Төсвийн тухай хуулийн дагуу ээлжит бус чуулган хуралдаж энэ асуудлыг хэлэлцэх боломжгүй байна. Нэг сая төгрөг өгөхгүй гээд байгаа юм биш, мөнгө байхгүй. Байхгүй мөнгөний асуудлаар чуулган хуралдах боломжгүй" гэжээ. 

УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн хүсэлтэд хариу өгөхдөө хэлэлцвэл зохих гурван асуудлын нэгд л хариулт өгсөн байгааг түүний байр сууриас харж болно. Тэгвэл үлдсэн хоёр асуултад хэн хариулт өгөх вэ...

2018 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Стратегийн ач холбогдол бүхий ордуудыг ашигладаг, ихээхэн хэмжээний гадаад валютын орлоготой үндэсний болон гадаадын хөрөнгө оруулалттай томоохон компаниудын мөнгөн гүйлгээ, төлбөр тооцоог Монгол Улсын банк, санхүүгийн байгууллагаар дамжуулан гүйцэтгэдэг эрх зүйн орчинг бүрдүүлэх зорилгоор Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг санаачилсан. Энэхүү хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн ч одоог хүртэл хэлэлцээгүй байгаа юм. Мөн хаврын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдийн жагсаалтад ч ороогүй байна. Үүнийг хэзээ хэлэлцэх дээр УИХ-ын дарга тайлбар хийсэнгүй. 

Тэгвэл Оюутолгойн хөрөнгө оруулалттай холбоотой асуудлыг УИХ-ын чуулганы индэр дээрээс Ерөнхийлөгч зарлаж, Сү.Батболд холбоотой гэх үг хэлсэн. Олон улс төрчийг хамаатуулан шалгаж буй энэ асуудал Ерөнхийлөгчийн үзэж буй шиг ноцтой хэмжээнд байгаа бол УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй гэж ард иргэд үзэж байна...

Хаврын чуулганаар хэлэлцэх 50 хуулийн төслийн жагсаалт гаргасны дунд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэхээр оруулжээ. Үүгээр ямар өөрчлөлт хийх эсэх нь одоогоор тодорхойгүй байна... 

Зайлшгүй шаардлагаар орон нутаг зорих иргэд дараах таван цэгт шинжилгээ өгнө
Зайлшгүй шаардлагаар орон нутаг зорих иргэд дараах таван цэгт шинжилгээ өгнө
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.