Ерөнхий боловсролын сургуулийн танхимын хичээлийг гуравдугаар сарын 1-нээс эхлүүлэх байр суурьтай байгаагаа БШУ-ны сайд Л.Энх-Амгалан илэрхийллээ.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан: Хоёрдугаар сарын 1-нээс ЕБС-ийн хичээл эхэлж байгаа. Танхимын хичээлийг гуравдугаар сарын 1-нээс эхлүүлье гэж бодож байгаа.
Гуравдугаар сарын 1-нээс эхлүүлэх хэд хэдэн шалтгаан байна. Нэгдүгээрт, энэ сард хүйтэн байх юм байна. Отроор явж байгаа малчдын 20 мянга орчим хүүхэд бий. Хоёрдугаарт, томуу, томуу төст өвчний оргил үе нь хоёрдугаар сард тохиодог. Гуравдугаарт, сар шинийн баярын үеэр хөл хорио тогтоох урьдчилсан мэдээлэлтэй байна. Ийм гурван үндэслэл байгаа учраас бэлтгэлээ сайн хангаж байгаад гуравдугаар сарын 1-нээс анги, танхимаар хичээллэх зайлшгүй шаардлага байна.
Сурагчид маш их хоцрогдолтой байгаа. Нэг хичээлийн жилд 165-180 хоног хичээллэх ёстой. Гэтэл өнгөрсөн онд 80 гаруй хоног цахим, теле хичээлээр хичээллэснээс болоод нийт сурагчийн 70-80 хувь нь хоцрогдолд орсон байна.
Миний бас нэг санаа зовж байгаа зүйл бол цахим, теле хичээл орж байх үеэр 174 мянган хүүхэд гар утас, компьютергүй, интернэтийн сүлжээгүй газарт байна. Улаанбаатар хотод гэхэд гэр нь цахилгаанд холбогдоогүй 30 мянган өрх байна гэдэг судалгаа бий. Тэдгээр өрхийн хүүхдүүдэд анхаарлаа хандуулъя гэж бодож байгаа.
КОВИД 19-ийн өндөр дэглэмтэй байгаа дэлхийн 130-аад улс орон ерөнхий боловсролын сургуулийн хичээлээ явуулж байгаа юм билээ.
Тиймээс миний УОК-т илэрхийлсэн байр суурь, цаашлаад Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх асуудал бол гуравдугаар сарын 1-н гэхэд улс даяар танхимын хичээлийг явуулна.
Нийслэл дээр санаа зовоож байгаа нэг зүйл бий. Тэр нь юу гэхээр зарим сургуулийг PCR шинжилгээ авах төв болгочихсон байгаа. Тиймээс гуравдугаар сарын 1-нээс өмнө ариутгал, халдваргүйтгэлийн асуудлыг шийднэ.
Нийслэлд хичээл эхлүүлэх асуудлаар хотын захирагчтай энэ Баасан гарагт уулзаж, тодорхой шийдлүүд гаргана.