Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн тархалттай холбоотой цаг үеийн мэдээлэл хийлээ.
Мэдээллийн тэргүүнд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ажилтан О.Ариунтуяа, доктор “2020 оны хоёрдугаар сарын 04-ны байдлаар 20630 тохиолдол бүртгэгдсэнээс 426 нь нас барсан. Нас баралтын түвшин 2.1 хувьтай байна. Нийт тохиолдлын 99 хувь нь БНХАУ-д бүртгэгдсэн. Үүнээс гадна дэлхийн 23 улсад 159 тохиолдол бүртгэгдсэн. Сүүлийн 24 цагийн байдлаар БНСУ, Малайз, Вьетнам, Герман зэрэг оронд 6 тохиолдол шинээр бүртгэгдлээ.
Коронавирусын өвчлөл нь эрэгтэйчүүдэд илүү халдварлаж байна. Вирусийн нууц үеийн хугацаа 6.1 хоног үргэлжилж байна.
БНХАУ-аас бусад оронд бүртгэгдэж буй тохиолдол нь Хубэй мужид аялсан, зорчсон түүхтэй байгаа учраас халдварын голомттой бүс нутагт зорчсон иргэдэд дахин сануулахад нууц үе буюу 14 хоногийн хугацаанд өөрийгөө тусгаарлаж, ажиглан, халдварын дэглэмийг сахих нь тархалтыг бууруулах хамгийн үр дүнтэй арга юм” гэв.
Мөн тус мэдээллийн үеэр шинэ коронавирусийн тархалттай холбогдуулан мэргэжлийн байгууллагууд авч буй арга хэмжээний талаар товч мэдээллийг өглөө.
ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын Эрүүл мэнд, сэтгэл зүйн тасгийн дарга, хошууч Д.Хонгор “Улсын онцгой комисс коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор дэд ажлын хэсэг байгуулагдсан. Мөн ОБЕГ-ийн даргын тушаалаар тус газарт шуурхай ажлын хэсэг байгуулагдаж, мэргэжлийн байгууллагуудтай мэдээлэл солилцон ажиллаж байна” хэмээн онцоллоо.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрүүл мэндийн хэлтсийн дарга Д.Баярболд "Мэргэжлийн хяналтын газраас хил дээр авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааг өчигдрийн хэвлэлийн хурлаар мэдээлэл өгсөн.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын албан даалгавраар нэгдүгээр сарын 07-наас өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Мөн эрүүл ахуйн, халдвар хамгаалалтыг сайжруулан ажиллаж байна.
Боловсрол, сургалтын байгууллагын үйл ажиллагааг зогсоосон ч хоёр байгууллага дээр зөрчил илэрсэн дуудлага ирсэн. Мэдээллийн мөрөөр ажиллаж, зохих арга хэмжээг авч тус байгууллагуудын үйл ажиллагааг зогсоосон.
Цагаан сарын баяр ойртож буйтай холбогдуулан хүнсний эрүүл ахуй, халдвар хамгаалах чиглэлээр арга хэмжээ авч ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 15 нэр төрлийн эрүүл ахуй, стандартын шаардлага хангахгүй 3,3 орчим сая төгрөгийн 1166 ширхэг бүтээгдэхүүнийг худалдаанаас татан авч, устгасан. Мөн хүнсний эрүүл ахуйн чиглэлээр худалдааны төвүүд болон холбогдох байгууллага хувь хүнд мэдээлэл зөвлөгөөг өгч ажиллаж байна” гэв.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү шинэ коронавирусийн сэжигтэй тохиолдлуудын шинжилгээний хариуны талаар нэгдсэн мэдээлэл өгөхдөө “Сэжигтэй тохиолдлуудын хариу бүгд сөрөг гарсан буюу коронавирусийн шинж тэмдэг илрээгүй. 2020 оны хоёрдугаар сарын 03-нд тусгаарлагдсан нэг тохиолдлын хариу сөрөг буюу илрээгүй.
2020 оны хоёрдугаар сарын 04-нд Дархан-Уул аймагт нэг сэжигтэй тохиолдол илэрсэн тул тусгаарлагдан тандалт судалгаа, шинжилгээ, эмчийн хяналтад байна. Энэхүү иргэн нь нэгдүгээр сарын 30-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирж, Дархан-Уул аймагт очсон.
Мөн 2020 оны хоёрдугаар сарын 4-ний 23:00 цагт Сөүл-Улаанбаатарын нислэгээр зорчиж ирсэн хүмүүсээс сэжигтэй хоёр тохиолдол илэрч, тусгаарлагдан шинжилгээнд хамрагдаж, эмчийн хяналтад орсон бөгөөд хариу нь маргааш гарна.
Японоос ирсэн оношлуураас 100 гаруй нь үлдсэн. Клиник, лаборатори, тархвар судлаач гэсэн гурван эмч хамтран зөвлөлдөж, шинжилгээ, үзлэгийг хийж ажиллаж байна. ДЭМБ-аас ирүүлэх 3,000 оношлуурын эхний ээлжийн 500 нь ирэх долоо хоногийн эхээр Монголд ирнэ” гэлээ.
Б.Лхагвацэрэн