МАХН-ын дарга Н.Энхбаяр өөрийн “TV9” телевизэд Шүүх засаглалын асуудлаар тун ноцтой мэдээлэл хийлээ. Монгол Улсын гуравдагч Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын улстөрчид миний сонгуульд нэр дэвших эрхийг хасна гэж дайрч байгаа учраас энэхүү мэдэгдлийг хийж байна гэдгээ онцлов.
У.Хүрэлсүхийн Засгийн газар огцорсны дараахан хийсэн тус мэдэгдэлд Ерөнхийлөгч Х.Баттулгыг нэр дэвших эрхгүй гэдгийг МАХН-ын дарга Н.Энхбаяр онцоллоо. Тэрээр,
“Ард түмэн сонсож бай!!! Төрийн дээр сандайлан суугаад өөрийнхөө дуртай шүүгчийг томилоод, даалгавар өгөөд, эсвэл тавьсан шаардлагыг нь огт юу ч болоогүй юм шиг хэрэгсэхгүй болгоод сууж байна.
... Ерөнхий сайд эв нэгдлийг илэрхийлэх ёстой Ерөнхийлөгч энэ жагсаалыг турхирсан, төрийг тогтворгүй байдалтай болгосон гэсэн. Үнэхээр тийм бол тэр баримтаа гаргаж ирж тавиад хариуцлага тооц, худлаа юм бол хүн гүжирдсэн хэргээр шүүхээр хариуцлагаа хүлээ.
Ерөнхийлөгч, Сү.Батболд тэргүүтэй олигарх бүлэглэл тэрийн эргэлт хийлээ гэсэн. Үнэн бол фактаа гаргаж ир, худлаа бол хүн гүжирдсэн асуудлаараа шүүх дээр очиж үнэн мөнийг тогтоолго.
Х.Нямбаатар Ерөнхийлөгчийн ажлаа хийдэг 3 давхарт шүүгч нар очиж даалгавар авдаг гэсэн. Үнэн бол фактаа гаргаж ир, худлаа бол хүн гүжирдсэн асуудлаараа шүүх дээр оч.
Ер нь бие биеэ буруутгасан энэ байдлаас харахад Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ, Шүүх ч ажлаа хийж чадахгүй байна. Ийм нөхцөлд бусад улс оронд яадаг вэ? Засгийн газар, УИХ тарах хэрэгтэй. Тиймээс ээлжит бус, шударга сонгууль байгуулж төр засгийг шинээр эмхлэн байгуулах хэрэгтэй. УИХ-д нэр дэвшсэн хүмүүс нэр дэвших эрхгүй.
Өнөөдөр надтай холбогдож гарч буй шийдвэр бол хуулийг буцаан хэрэглэж байна. 2019 оны 12 сарын 20-нд гарсан хууль 2019 оны 12 сарын 23-наас эхэлж хэрэгжих ёстой. Тэгэхээр үндсэн хуулийн зохицуулалт бол хуулийг буцаан хэрэглэхгүй, ганцхан дээрдүүлэх буюу тухайн хүндээ ашигтай нөхцөлд буцаан хэрэглэнэ гэж байгаа. Гэтэл Н.Энхбаяр гэдэг хүн дээр хуулийг буцаан хэрэглэж зөрчдөг, бүр хүндрүүлэх нөхцөлөөр буцаан хэрэглэдэг.
Энэ утгаар аваад үзвэл 2019 онд болсон Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуссан уу үгүй юу. Хууль буцаан хэрэглэж байгаа бол одоогийн Ерөнхийлөгч дахин нэр дэвших эрхгүй. Нэр дэвших ёсгүй. Буцаан хэрэглэж болдоггүй юм бол Н.Энхбаяр ч нэр дэвших эрхтэй. Тэгэхээр хууль буцаан хэрэглэж байгаа бол, Х.Баттулга нэг удаагийн бүрэн эрхийн хугацаагаа дуусгасан бол дахин нэр дэвших эрхгүй гэдгийг шүүх тойруу замаар тогтоочихлоо.
Тиймээс Ерөнхийлөгч огцорч ерөнхийлөгчийн сонгуулиа явуулаач ээ. УИХ огцорч УИХ-ын сонгуулиа явуулаач ээ. Ингэж шударга сонгууль явуулж байж шударга төрийг байгуулж хонгилын шүүхээс сална” гэж мэдэгдлээ.
Н.Энхбаяр хонгилын шүүхээс салж, байгалийн баялгийг ард түмний гарт өгнө, МАХН нэг хоёр хүнтэй биш шударга бус системтэй тэмцэнэ гэлээ.
Г.Мандахбилэгт